Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл одоогийн музей байрлаж буй газрыг хэрхэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Одоогийн байршилд долоон давхар музей барихаар болсон. Зураг төслийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийсэн. Хаадын музей ч гэдэг юм уу Монголын түүхийг харуулсан гадна, дотныхонд зориулсан музейтэй болъё гэж байгаа юм. Төсөв байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг хөөцөлдөж байна. Музейн барилгыг яагаад барьж болохгүй байгаа талаар хүмүүс их сонирхож байна. Байгалийн түүхийн музейд үлэг гүрвэлийн том яснууд багтахгүй байгаа учраас Их тэнгэрийн аманд байгуулах шийдвэр гарсан. Иргэдэд хаалттай, дарга нар л ордог байсан Их тэнгэрийн аманд сайхан музей байгуулаад олон нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн" гэлээ.