Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.", 57.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч хамаарахгүй." гэж тус тус заасан. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг боловсруулсан гэдгийг онцлов.
Энэхүү тогтоолын төсөл Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу дараах харилцааг зохицуулна. “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр”-ийг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас анх баталсан. Итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулин 57.10-т заасны дагуу цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалуудыг хамааруулахгүй байхаар тусгасан. Эдгээр албан тушаалуудын цалингийн хэмжээ, сүлжээг тогтоохтой холбоотой зохицуулалтыг салбарын хуулиудаар нь зааж, УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсэхгүй байх зорилготой гэж С.Чинзориг сайд танилцуулгадаа дурдав.
Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаатай холбогдуулан мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Улсын Их Хурал тогтоохоор заасан байна. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасантай нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан улс төрийн болон тусгай албан тушаалд Авлигатай тэмцэх гарын удирдах гүйцэтгэх албан тушаал, Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот тосгоны захирагч, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч байгаа аж.
Харин Төрийн аудитын тухай хууль, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ Авлигын эсрэг хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад авлига, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээ, нэмэгдлийг Улсын Их Хурлаас тогтоохоор заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд эдгээр албан хаагчдын цалингийн хэмжээг УИХ-аас тусгайлан баталсныг мөрдөж байгаа аж.
Иймд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Мөн тогтоолын төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар тогтов.