Өчигдөр буюу Мягмар гарагт Венесуэлийн талаар хэд хэдэн сонирхолтой мэдэгдлүүд хийгдлээ. Хамгийн түрүүнд тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо одоогийн Ерөнхийлөгч Мадурогийн дэглэмийн эсрэг тэмцэл сүүлчийн шатандаа шилжиж, армийн цэргүүд өөрийнх нь талд орохоор болсон тухай цахим сүлжүүгээр зарлажээ. Тэрээр эл мэдэгдлээ агаарын цэргийн “Ла Карлота” баазаас хийж, бусад цэргийн нэгтгэлийг өөрийг нь дэмжэхийг уриалахын зэрэгцээ Каракасын оршин суугчдыг тус бааз дээр цугларахыг мөн уриалжээ. Баазын ойр орчимд зэвсэгт мөргөөлдөн гарсан тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна. Үүний хариуд Ерөнхийлөгч Мадуро төрийн эргэлтийг хэсэг урвагч цэргийхэн хийх гэж оролдсон бөгөөд зэвсэгт хүчний үндсэн хэсэг өөрийнх нь талд байгаа тухай мэдэгдлээ. Түүнийг үгийг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино “Бид улсынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад бэлэн байна” гэж баталлаа. Тэгвэл мягмар гарагийн орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхийлөгч Мадурог улс орноосоо явахаар бэлдэж байгаа тухай мэдэгджээ. Тэрээр “Мадурогийн онгоц өнөө өглөөнөөс хойш нисэх зурвас дээр бэлэн байгаа. Бид түүнийг Венесуэлиэс явах гэж байна гэж ойлгосон. Гэвч оросууд түүнийг үлдэх ёстой гэж ятгасан бололтой” гэж CNN сувагт ярьжээ. Мадурог Куба улс руу дүрвэхээр зэхэж байгаа гэсэн яриа газар аваад байгаа аж. Энэ өдөр Каракасын гудамжинд иргэд, зэвсэгт хүчний хооронд урьд өмнө болж байгаагүй ширүүн мөргөлдөөн үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн хуягт машин эсэргүүцэгдийг дайрч буй бичлэг тархаад байна.