УИХ-ын нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох, эсэхээ илэрхийлэх сүүлчийн өдөр нь өчигдөр байсан тул улс төрийн хүчнүүд холбогдох бичиг баримт, бүртгүүлэх хүсэлтээ СЕХ-нд хүргэв. Эрх баригч намыг төлөөлж СЕХ-нд очсон УИХ дахь
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ үеэр “МАН-ын бага хурал дөрөвдүгээр сарын 29-нд хуралдаж, нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж шийдсэн. Үүний дагуу Сонгуулийн тухай хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Хэнийг нэр дэвшүүлэхээ нам дотроо ярилцаж, судалж байгаа. Нэр дэвшигчийг намын бага хурлаас тодруулах дүрэмтэй учраас энэ сарын 25-28-ны үед бага хурал хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.
Мөн нөхөн сонгуульд оролцох МАХН-ын хүсэлтийг хүргэж очсон тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар “2016 оны “60 тэрбум”-ын луйвар, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгөний тулаан шиг явдал 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар гарах вий. Сонгуулийг шударга, хуулийн дагуу явуулах тал дээр онцгой анхаарч ажиллаарай” хэмээн сануулж байв. Нөхөн сонгуулийн гол оролцогчдын нэгт тооцогдож буй тус намаас Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, намын дарга Н.Энхбаяр нарын нэгийг дэвшүүлэхээр ярьж байгаа бөгөөд ойрын үед МАХН-ын бага чуулганаар нэр дэвшигчээ тодруулна гэлээ. Нэр дэвшигчийг энэ сарын 28-наас өмнө тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм.
УИХ-ын нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох, эсэхээ илэрхийлэх хуулийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-ны 23.59 цагаар дуусгавар болсон бөгөөд өчигдөр 18.00 цагийн үед МАН, АН, МАХН, ИЗНН, ХҮН, ЗОН, Ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монгол консерватив нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхын засаглал нам зэрэг 12 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн байлаа. Харин Монголын хүний төлөө нам сонгуульд оролцоно хэмээн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулсан ч СЕХ-нд хүсэлтээ хараахан ирүүлээгүй байв.
Нөхөн сонгуульд оролцох тухай нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш СЕХ тав хоногт багтаан ирүүлсэн баримт бичгийг нягталж, шалгаад бүртгэх, эсэх шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, хүсэлт хүргүүлсэн намуудыг бүртгэх, эсэхийг шийдэх эцсийн хугацаа нь энэ сарын 5. Баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн хугацаанд ирүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл СЕХ тухайн нам, эвслийг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах эрхтэй. Тиймээс тус байгууллагаас нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасны дараа л хэдэн нам, эвсэл сонгуульд оролцох талаарх мэдээлэл тодорхой болох юм.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн товлон зарлаж, зохион байгуулж, явуулах цаг хугацааны хуваарийг СЕХ баталсан. Энэ хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байгаагийн нэг нь нам, эвслийн бичиг, баримт, хүсэлтийг хүлээж авах юм. Үүнээс өмнө Үндэсний аудитын газар нам, эвсэл, нэр дэвшигчдээс нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, Хэнтий аймгийн Сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө, аймгийн Сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодыг 26-наас өмнө байгуулах зэрэг ажлыг хуваарийн дагуу хийжээ.
Бэлтгэсэн: А.Амина