УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр МАН, МАХН-аас өнөөдөр албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр тус тойргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн найман нам бүртгүүлсэн талаар сонгууль зохион байгуулах ажлын багийн ахлагч, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдэгдлээ.
Тэрбээр, “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг УИХ-ын шийдвэрээр, энэ оны зургаадугаар сарын 30-нд товлосон. Тиймээс хуульд заасны дагуу сонгуульд өрсөлдөх улс төрийн намыг СЕХ өнөөдөр бүртгэж дуусах юм. СЕХ намуудын бичиг баримтыг шалгаад, ирэх сарын 5-наас өмнө хариу мэдэгдэх ёстой. Намын нэр дэвшигчдийг ирэх сарын 24-28-нд бүртгэнэ. Харин бие даан өрсөлдөгчид тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-ны хооронд бүртгүүлэх боломжтой. Аймаг, сумын сонгуулийн хороо байгуулагдаж, санал тоолох төхөөрөмж зэргийг бэлтгэж эхэлсэн. Намууд үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн сонгуулийн ажилд оролцоно гэдгээ мэдэгдэж бичиг ирүүлсэн” гэлээ.