УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ.
Бүлгийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ж.Батсайханы хувьд гүйцэтгэх ажлын туршлагагүй гэсэн шүүмжлэл байна. АТГ-ын ажлын шаардлага хангаж байгаа юу?
-АТГ-ын даргыг томилох асуудлыг хуульд тодорхой заасан байгаа. Хууль хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байна. З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын хувьд 20-25 жил цагдаа, тагнуулын байгууллагад ажилласан. Хоёрдугаарт, эдгээр хүмүүс сүүлийн таван жил улс төр, намын үйл ажиллагаанд оролцоогүй гэж үзээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэрийг нь оруулж ирсэн.
-АТГ-ын өмнөх даргын томилгооны хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан байдаг. Энэ талаар тодруулна уу?
-Авлигын эсрэг хуулийн 21.1-д АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаа зургаан жил гэж заасан. 21.5-д АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн 21.1-д заасан хугацааг дуустал үргэлжилнэ гэсэн байгаа. Энэ хуулиар бол Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дэд дарга Ц.Нямдоржийн хувьд хугацаа дууссан, өөрөө ажлаа өгөх хүсэлт гаргасан. Иймээс 21.5-аар бүрэн эрх нь дууссан гэж үзээд дараагийн хүмүүсийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-Ерөнхий аудиторын асуудлыг МАН-ын бүлэг хэзээ хэлэлцэх вэ?
-Ерөнхий аудиторын асуудлыг ирэх лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа шаардлагатай гэвэл бүлэг хуралдана. Энэ долоо хоногт багтаан УИХ шийдвэрлэнэ.
-Түдгэлзүүлсэн аудиторыг томилох уу, эсвэл шинэ хүн томилох уу?
-Шинэ хүн томилох чиглэлтэй байгаа. Ер нь ЖДҮХС-гийн зээлтэй хамаарал бүхий компани нь холбогдсон албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээсэн. Тиймээс ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэдгээр нь үргэлжлүүлж томилохгүй, шинэ хүн томилох саналтай байгаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх үү?
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хаврын чуулганы төлөвлөгөөнд байгаа. Үндсэн хууль зөвшилцлөөр явах ёстой. Тиймээс улс төрийн намууд, сөрөг хүчинтэй зөвшилцөх, УИХ-ын гишүүдэд танилцуулж, тэдний дэмжлэгийг авах олон үйл ажиллагаа байна.