Их Британийн Гадаад хэргийн сайд Жерими Хант тус улсын тав дахь үеийн (5G) үүрэн холбоог хийхэд Huawei компани оролцох гэж буйтай холбогдуулан Хятадын томоохон компаниудтай “болгоомжтой” хамтран ажиллах хэрэгцээ байгааг цохон тэмдэглэжээ. Сайдын “Бид Хятадын том компаниудын тухайд тодорхой хэмжээний болгоомжлол гаргах хэрэгтэй” гэж хэлснийг “The Daily Telegraph” сонин иш татжээ. Учир нь Хятадын төр засаг том компаниуддаа ихээхэн нөлөөтэй байдаг хэмээн Жерими Хант үзэж буйгаа аж. Тэрээр цааш нь “Ингэснээрээ тэдгээр байгууллагууд автоматаар дайсагнасан үүрэг хүлээдэг хэмээн ойлгож болохгүй ч Хятадын бүх компаниудыг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран ямар ч үйл явдал болсон тусгай албатай хамтран ажиллахыг шаардсан 2017 оны хууль (Хятадын үндэсний тагнуулын тухай хууль) байдгийг мартаж болохгүй. Тиймээс бид шийдвэр гаргахдаа эдгээр асуудлыг анхааралтай авч үзэх шаардлагатай” гэсэн байна. Өмнө нь энэ сарын 24-нд тус сонин Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “ Huawei” компанийг тус улсын 5G үүрэн холбоог хийхэд оролцохыг дэмжсэн тухай мэдээлсэн билээ. Тус сонинд нийтэлснээр бол Их Британийн Аюулгүйн зөвлөл ч улсынхаа харилцаа холбооны системд хязгаарлагдмал байдлаар нэвтрэхийг “Huawei” компанид зөвшөөрсөн аж. Энэ нь Засгийн газрын зарим гишүүдийн болгоомжлолыг төрүүлээд байгаа ажээ.