ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН АРДЫН ИХ ХУРЛЫН ТАЛБАЙД УГТАВ
БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Си Зиньпин Ардын их хурлын талбайд угтлаа. Төрийн тэргүүнийг Ардын их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Си Зиньпин угтан мэндчилж, БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав. Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын их хурлын ордныг зорилоо.
ХОЁР ОРНЫ ТЭРГҮҮН АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийх үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин “Ноён Ерөнхийлөгч тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Тиймээс бид хуучны найзууд болсон. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хятад, Монгол уул усаараа холбогдсон хөршүүд. Бидний энэ удаагийн уулзалт хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Си Зиньпин таны урилгаар төрийн айлчлал хийж, таны санаачилсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагааны явцад хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт хоёр орны хооронд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хамтдаа бүтээх, харилцан ашигтай хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан доор болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэж найдаж байна. Чуулга уулзалтад амжилт хүсье” гэв.
Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын тохиролцоо, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЦЯН БАРААЛХЖЭЭ
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Уулзалтын үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хийж буй төрийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ойн жил тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна” хэмээжээ.