НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Донбасс дахь нөхцөл байдлын талаар, тухайлбал энэ сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн баталсан Донецк болон Луганскийн оршин суугчдад Оросын иргэншлийн паспортыг хялбарчилсан аргаар олгох тогтоолын тухай хэлэлцэх гэж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Украины байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн нарийн бичиг Олег Николенко мэдэгджээ. Аюулгүй зөвлөлийн хурал Украин улсын шаардлагын дагуу хуралдах юм байна. Украины төлөөлөгч уг мэдэгдлийнхээ араас ОХУ НҮБ-ын дүрмийг төдийгүй Минскийн гэрээний хэрэгжилтийн цогц арга хэмжээг батласан тогтоолыг зөрчиж байна гэж нэмж хэлжээ. Өөрсдийгөө тунхагласан Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах улсын удирдагчид дээр дурдсан тогтоолыг “түүхийн чухал үйл явдал” хэмээн үзэж байгаа ажээ.