УИХ-ын чуулганаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа. Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна. Тус хороо нь шүүх С.Зоригийн хэргийг үнэн зөв шийдсэн эсэх, ял эдлэгсдийг эрүүдэн шүүсэн эсэхийг шалгаж тогтоох юм байна.
Тухайлбал, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйны байнгын хороо 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Байнгын хорооны саналаар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь дэмжсэн тул, тогтоолын төсөл батлагдлаа.