УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдлээ.
Эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин доошлох, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавх, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулахад хүргээд буй.
Тиймээс улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан дээрх хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж уг танилцуулгад дурджээ. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн тул байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн тус байнгын хороогоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав.
Түүнчлэн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томиллоо. Тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн хүсэлтээр татгалзсан аж.