БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ –ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар өнөө өглөө Владивосток хотод хүрэлцэн иржээ. Энэ нь Ким Жон Уны Орост хийж буй анхны айлчлал бөгөөд тус улсын тэргүүн Путинтай хийж байгаа анхны уулзалт аж. Умард Солонгосын удирдагч Владивосток хотод хуягт галт тэргээр ирсэн байна. 2002 онд түүний эцэг Ким Жон Ир яг эл хуягт галт тэргээр тус хотод ирж байжээ. Тэгэхэд аюулгүйн үүднээс Владивосток хотын галт тэрэгний болон нисэх онгоцны хөдөлгөөнийг хязгаарлан өөрчилж байжээ. Энэ удаа ч мөн ялгаагүй Умард Солонгосын талаас тавьсан аюулгүйн хатуу шаардлагаас болж хоёр тэргүүний уулзалт “Орос” арлын Алс Дорнодын Их сургуулийн цогцолборт болох гэнэ. Энэ сарын 24-26 хооронд Ким Жон Уныг тус арал дээр байх хугацаанд арлын далайн бүсэд усан онгоцнуудыг нэвтрүүлэхгүй болжээ. Энэ мягмар гарагт Владивосток хотод хоёр тусгай онгоц ирсэн бөгөөд нэгэнд нь Умар Солонгосын удирдагчийн лимузин машин хоёр дахь онгоцоор нь аюулгүй албаны ажилчид ирсэн тухай “Интерфакс” агентлаг мэдээлж байсан. Өмнөд Солонгосын “Чо сун Ильбо” сонинд бичснээр бол даваа гарагт Владивосток хотод Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон уулзалтын бэлтгэл ажлыг шалгахаар онгоцоор иржээ. Тэрээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны үзэл суртал, ухуулгын хэлтсийн орлогч дарга бөгөөд 2017 онд тус намын улс төрийн товчооны гишүүн болсон юм. “Владивосток хотод бүтэн онгоц дүүрэн Ким Жон Уны аюулгүй албаны ажилчид ирсэн бөгөөд тэд бүгд эрэгтэй хүмүүс байлаа. Тэд өөрсдийнхөө зургыг авахгүй байхыг хүсэж, нүүр амаа буруулж байсан бол нэг нь бүр сэтггүлчийн дүрс бичлэгийн камерыг цохиж унагаасан” гэж “Чо сун Ильбо” сонинд бичсэн байна. Мөн Умард Солонгосын удирдагчийн лимузин машин галт тэрэгний буудлаас өгсдөг зам руу гарч чадахгүй байсан тул замыг тэгшлэх шаардлага гарсан тухай Оросын “Коммерсант” сонин тэмдэглэжээ. Хоёр улсын тэргүүн нарын хаалттай уулзалт маргааш (2019.04.25) болж, тэр өдөртөө өргөтгөсөн хэлбэрээр хоёр талын төлөөлөгчдийн оролцоотойгоор үргэлжлэх юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Путин Ким Жон Ун нар хоёр талын харилцааг хөгжүүлэх, цөмийн зэвсгийг хураах асуудал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцан хэлэлцэх ажээ. Уг уулзалтаас өмнө ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев болон Амур мужийн хууль тогтоох байгууллагын депутатууд Пхеньянд айлчилсан билээ. Уулзалтаар Умард Солонгосын тал хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналыг тавьжээ. Тухайлбал Примор хязгаарын Туманная мөрөн дээгүүр автозаман гүүр барих тухай яригджээ. Үүнээс гадна Оросын сүүлийн үеийн зорчигч тээврийн нисэх онгоцнуудыг нийлүүлэх асуудал ч хөндөгдсөн тухай Төрийн Думын мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа уулзаад ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул Ким Жон Ун одоо Умард Солонгосыг тусгаарлагдмал биш гэдгийг Америкийн талд харуулах гэж зорьж байна”, “... Хэрэв БНАСАУ дэлхийн аль нэг хүчирхэг гүрний зүгээс дэмжлэгтэй гэдгээ харуулж чадах юм бол тус улс АНУ болон БНХАУ- тай хэлэлцээр хийхэд давуу талтай болох юм”, “Умард Солонгосын залуу удирдагч үнэхээр мундаг байна. Тэрээр улс эх орныхоо эдийн засгийн ашиг сонирхол, дэглэмийн оршин тогтнох эсэхээр дэнчин тавьсан дипломат тоглолтыг чадварлаг хийж чадаж байна...” гэж улс төр судлаачид тэмдэглэж байна.