Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.
ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний номын сангийн хамт олон талархлаа илэрхийлж, сүүлийн 30 жилд анх удаа Ерөнхий сайд манай номын санд ажиллаж байна гэлээ.
Төвд номын сан нь нэг сая 500 гаруй ховор, хуучин ном, судартай. Монголчууд ном судраа дээдэлдэг ард түмэн. Сүүлийн хоёр жилд иргэд олон түмний хандиваар 35 мянган судар баринтагласан гэж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо танилцууллаа. Эдгээр судар номыг цахим хэлбэрт оруулж, судлах ажил ид хийгдэж буй ажээ.
Манай улсад жилд 15000 орчим шинэ ном, товхимол хэвлэгдэн гарч байна. Эдгээрийн дөнгөж 7,5 хувийг нь худалдаж авах төсөвтэй байгаа гэж Б.Ичинхорлоо захирал хэллээ. Мөн залуучууд сүүлийн үед ганц монгол биш англи, орос, хятад гэхчлэн нэг номыг хоёр, гурван хэлээр харьцуулж уншиж байна. Энэ боломжийг бүрдүүлэх хүсэл номын санчдад байдаг ч төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг тухайгаа тэд Ерөнхий сайдад хэллээ.
Номын сангийн барилга хуучирч муудсанаас Архив зэрэг өрөө, тасалгаанд нь ус орж, хүндрэл учирч байгаа гэнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь Монголын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж үүрэг даалгавар өглөө.
Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байна. 2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тэд тайлбарлалаа.
Манай улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын хөгжлийн тухай их ярилаа. Соёл, урлагийн салбараа мартсан байна. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд Засгийн газар анхаарч ажиллана. Байгалийн түүхийн музейгээ барина. Үндэсний урлагийн их театр барина. Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Энэ хавар, зун, намар цаг хугацаатай уралдан ажиллаж, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Шийдвэр гаргах сайд, дарга, мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай хамт энд ажиллаж байна. Барилгын ажил амжилттай үргэлжлэхэд ямар хүндрэл, саад учирч байна. Энэ хүмүүстэй уулзаж, асуудлаа шийдүүл гэлээ. Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн удирдлагуудад барилгын ажлыг урагшлуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг нь даруйхан шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг мөн үүрэг болголоо.