Казахстаны Сонгуулийн ерөнхий комисс (СЕК) ирэх 6-р сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд төсвөөс 12 тэрбум тэнгэ (32,0 сая ам доллар) гаргаж өгөхийг тус улсын Засгийн газраас хүсжээ. “Сонгуулийн ерөнхий комиссын гаргасан хүсэлтийг бид авч үзэн одоогоор тооцоо хийж, дүнгийн үндэслэлийг шалгаж байна. Энэ дүн хасагдаж магадгүй. Гэхдээ шалгалтын дараа шийдэгдэнэ. Энэ талаар бид тухайн үед нь мэдэгдэнэ” гэж Казахстан улсын Сангийн сайд Берик Шолпанкулов мэдэгдсэн байна. Сайдын тодруулж хэлснээр бол тус төсвийн 70% хувийг СЕК сонгуулийн комиссын гишүүдийн болон сонгуулийн хороодод ажиллах хүчний цалин хөлсөнд зарцуулах аж. Өмнө нь Казахстаны СЕК нэр дэвшигчдийн сонгуулийн хөтөлбөрт гаргах зардлын тооцоог ойролцоогоор 7,5 сая тэнгэ (19,7 мянган доллар) гэж байжээ.