Зам тээвэр, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн X хороонд үйл ажиллагаа явуулдаг 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн багтаамж бүхий барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан оролцож, барилгын ажлыг эхлүүллээ. Ёслолд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, X хорооны Засаг дарга Ц.Чинзориг болон цэцэрлэгийн албан хаагчид, эцэг эх, бяцхан багачууд хүрэлцэн ирж урлаг соёлын тоглолтоор мэндчилэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд эхлэж байна. Өнөөдөр улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг суусан 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил эхлэж байна. Барилгын ажил наймдугаар сард дуусч, ашиглалтад орно. Мөн Х хорооны нутагт дэвсгэрт байх 114 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн багтаамж бүхий барилгын ажил зэрэг эхлэж байгаа. Манай тойрогт хийж байгаа ажлуудаас онцолвол 2.8 км автозамын ажил байгаа. Иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлуудын нэг нь шийдвэрлэгдэж байна гэж ойлгож болно. Автозамгүйгээс үүдэн шороо тоос ихтэй, амьдрах орчинд нөлөөлдөг учраас энэ ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Цаашлаад энэ хорооны хамгийн чухал нэг асуудал нь 34, 36 дугаар байрны оршин суугчдын байрны асуудал байдаг. Мэргэжлийн хяналтын шийдвэрээр хүн оршин суух боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг буулгаж шинээр орон сууц барих ажилд нийтдээ 14 удаа тендер зарласан хэдий ч байгууллага, аж ахуйн нэгж орж ирээгүй. Одоо олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Солонгосын компанитай хамтарч хийхээр хэлэлцэж байна. Барилга хот байгуулалтын яаманд хэлэлцээрт ороод явж байгаа. Мөн IX хорооны нутаг дэвсгэрт “Нарлаг Буянт-Ухаа” хороолол барихаар бэлтгэгдэж байна. Түүнчлэн X хороонд 32 ортой сэргээн засах эмнэлэг, ахмад, залуучуудын соёлын төв, мөн 1200 хүүхдийн суудалтай сургууль, 320 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар улсын төсөвт хөрөнгө суусан. Эдгээр ажлууд энэ жилдээ эхэлж цаг хугацаандаа ашиглалтад орно” гэлээ.
Тус 49 дүгээр цэцэрлэг нь 60 жилийн түүхтэй, анхдагч цэцэрлэгүүдийн нэг аж. Эцэг эхчүүд хэлэхдээ “Хуучны барилга учраас өрөө тасалгаа нь жижиг. Гэтэл нэг ангид 40 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа. Хүүхдүүд хоол цайгаа коридортоо гарч ширээ засаад хооллодог байсан. Эцэг эхчүүд бид энэ асуудалд үнэхээр их сэтгэл чилээдэг байлаа. Гэтэл өнөөдөр өргөтгөл барилга баригдахаар болж байгаад үнэхээр талархалтай байна” гэдгийг онцолж байлаа.
Цэцэрлэгийн эрхлэгч С.Батцэцэг “Ачаалал хоёр дахин буурна гэж үзэж байгаа. Манай хороонд 2-5 насны хамран сурах хүрээний 650 хүүхэд байдаг. Үүнээс одоогоор 360 хүүхэд хүмүүжиж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор хорооныхоо хүүхдийг бүрэн хамруулах боломжтой болно” гэлээ.
Харин 114 дүгээр дунд сургууль нь бага сургуулийн өргөтгөлийн зориулалтаар 2008 онд ашиглалтад орсон байна. Одоогоор гурван ээлжээр хичээллэж байгаа. Харин энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай спорт зал, цайны газар бүхий стандартын өргөтгөл барилга баригдахаар болж байгаад баяртай байгаагаа тус сургуулийн захирал Д.Ган-Уяа шав тавих ёслолын үеэр онцолсон юм. Тус барилгын төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг, ирэх хичээлийн жилд ашиглалтад орох аж. Өргөтгөл баригдсанаар хоёр ээлжээр хичээллэх боломжтой гэдгийг багш сурган хүмүүжүүлэгчид дамжуулав. Мөн тус сургуулийн номын санд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан номын тавиур, номын хамт хүлээлгэн өгч сурагч, багш нарт сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.