УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүргүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зөвшилцөх бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.
Уг асуудлыг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Лүндээжанцан: Биднийг прокурорын байгууллагад ажиллаж байхад яллах, цагаатгах хоёр асуудал эн тэнцүү явагддаг байсан. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гол хуулиудаа эргэн харахгүй бол болохоо байжээ. Энд та нарын буруу гэхээсээ илүүтэйгээр хууль тогтоогчид бидний буруу бий.
Ц.Нямдорж гишүүн: Би та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн. Тэр үг очсон байлгүй дээ. Завхрал ер бусын ихээр гарсан. Гурван гол зарчим мөрдөгдөхөө байсан. Нэгдүгээрт, гэм буруугүй хүнийг хэрэгт татан оруулах асуудал сүүлийн жилүүдэд их гарч байгаа. Үүн дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Хоёрдугаарт, мэтгэлцээний зарчим байхгүй болсон. Өмгөөлөгчийг юу ч биш болгосон, хуулийг нь үгүй хийсэн. Хууль задруулахгүй гээд амыг нь скочдоод, нойлд ороход нь хүртэл хар масктай, буутай хүн дагаж явдаг болсон. Прокурорууд нь урдаа хэргийн материал, компьютер хоёр тавьчихаад цатгалан бар шиг суудаг болсон. Гуравдугаарт, аливаа асуудлын талаар эргэлзээ гарвал яллагдагчийн хувьд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн алтан зарчим алдагдсан. Үүнийг өмнөх прокурорууд булшилсан. Эдгээр асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй. Мөн С.Зоригийн хэргийг нэн яаралтай зөв гольдролд нь оруулах ёстой. Намайг энэ асуудлыг их ярьдаг гэдэг. Би их ярьж байгаа, цаашид бүр ч их ярих болно.