Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль зүйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах” тухай тогтоолын төслийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар орж ажиллах хүсэлт болон зарчмын зөрүүтэй саналаа тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг нэмэхийг дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.