Өнгөрсөн зууны Кубийн хувьсгалаар өмчөө хураалгасан америкчуудыг шүүхэд нэхэмжлэл гаргахыг АНУ-ын эрх баригчид ирэх тавдугаар сарын 2-оос зөвшөөрөх болжээ. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өчигдөр сэтгүүлчдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. Америкийн засаг захиргаа 1996 оны Хелмс-Бертоны хуулийг байнга түдгэлзүүлдэг байжээ. Эл хуулиар бол АНУ-д бизнес явуулдаг гаднын компани Кубийн төрийн мэдэлд хураагдсан өмчид хөрөнгө оруулсан бол тус байгууллагыг шүүхэд өгөх эрх америкчуудад олгох аж. Хуулийг түдгэлзүүлж байсан гол шалтгаан нь шүүхийн иймэрхүү үйл явц холбоотнууд хоорондын харилцаанд сэв суулгаж, шүүхийг нэхэмжлэлээр дарж хүндрэл учрах байх гэсэн болгоомжлол байжээ. “Ерөнхийлөгч Трамдын захиргаа Хелмс-Бертоны хуулийн хэрэгжилтийг цаашид түдгэлзүүлэхгүй болсныг би зарлаж байна. АНУ-ын иргэн ирэх сарын 2-с эхлээд Кубын дэглэмээр хураалгасан хөрөнгийг эзэмшиж буй хувь хүн болон хуулийн этгээдийг шүүхэд өгч болно. Ийнхүү 22 жилийн дараа америкчуудад шударга үнэнийг олох боломж нээгдлээ” гэж АНУ-ын төрийн нарийн бичиг хэлжээ. Өнгөрсөн онд Америкийн 6 мянган иргэн Кубийн засгийн газарт хөрөнгөө хураалгуулсан өмчийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай “МcClatchy” агентлэг мэдээлж байжээ. Тавдугаар сарын 2-оос шүүх эдгээр нэхэмжлэлийг авч үзэж эхлэх аж.