Өчигдөр Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсия шүүхийн шийдвэрийн дагуу өөрийг нь баривчлах үеэр амиа хорложээ. Түүнийг Лима хотын эмнэлэгт хүргэсэн ч хэдий нас барсан байжээ. Перу улсын шүүх түүнийг авилгын хэргээр байцаан 10 хоногийн хугацаатай саатуулах гэж байжээ. Прокурорын ажилтан нар Гарсиягийн Лима хотын нэгэн дүүрэгт байдаг гэрт нь очиж өөрийг нь саатуулах тушаалыг үзүүлтэл Ерөнхийлөгч асан амиа хорлосон байна. Перу улсын Дотоод хэргийн сайн Карлос Моран “Хуулийн байгууллагын ажилтан нар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ зохих протоколын дагуу ажилласан” гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Перугийн шүүх Гарсияг 18 сарын турш тус улсыг орхин гарахыг хориглосон байна. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар тэрээр Бразилын “Odebrech” барилгын компанид ашигтай гэрээ байгуулсныхаа шанд тус байгууллагаас 100 мянган ам.доллар авсан байх магадлалтай ажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу урьдчилан хорих ангид тус улсын үйлдвэрлэлийн сайн асан Луис Нава, мөн газрын тосны “Petroperu” төрийн компанийн дэд ерөнхийлөгч Мигель Атала нарыг ч баривчлан саатуулах гэж байжээ.