Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа.
Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов.
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Мөн хоёрдугаар улиралд багтаан “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энэржи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.
Жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгав. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгав. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, зургаадугаар сарын нэгний дотор танилцуулахыг сайд Д.Цогтбаатарт даалгав.
Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолоооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.
Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг сайд Б.Энх-Амгалан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нарт даалгав. Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгалаа.
Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав
Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна.
Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ.
2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.