Москва хотын шүүх Норвеги улсын иргэн 63 настай Форде Бергт ОХУ-ын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган 14 жилийн хорих ял оноожээ. Түүний Оросын тэнгисийн цэргийн шумбагч онгоцыг тагнасан хэмээн үзэж байгаа аж. Форде Бергийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ ялын сонсголын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Өмгөөлөгчийн тайлбарласнаар давж заалдах үйл явц цаг үрэх төдий учир Норвегийн иргэн Ерөнхийлөгч Владимир Путинаас өршөөл хүсэх гэж байгаа ажээ. Форде Берг Орос-Норвегийн хилийн ойролцоох Киркенес хотод амьдардаг бөгөөд 2014 онд тэтгэвэрт гартлаа Хилийн цагдаагийн газар хилийн зөрчил мөргөлдөөнийг зохицуулах албыг даргалж байжээ. Тэрээр ОХУ-д олон удаа зорчиж, аяллынхаа тухай зургуудыг нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсанд байршуулдаг байв. Форде Бергийг 2017 онд баривчилан “Лефортово” шоронд хорьжээ. Буруутгагч талын үзэж буйгаар Берг Оросын тэнгэсийн цэргиийн шумбагч онгоцны талаарх мэдээллийг тус улсын батлан хамгаалахын байгууллагын ажилтнаас олж авч цуглуулдаг байж. Норвегийн иргэний буудалласан зочид буудлын өрөөг нэгжихэд “Оросын иргэнд зориулагдсан тагнуулын үйл ажиллагааны зааварчилга болон бэлэн мөнгөтэй дугтуй” олдсон тухай түүний өмгөөлөгч ярьсан байна. Берг өөрөө мэдүүлэхдээ тэрхүү дугтуйг түүний Осло (Норвегийн нийслэл) дахь танил мөнгө хэрэг болоод байгаа хүнд дамжуулаад өгөхийг гуйжээ. Дугтуйн дотор юу байсныг Норвеги эр огт мэдээгүй гэжээ. Хэрэв яллах тал Берг юу хийж байгаагаа бүрэн ухамсарлаж, төрийн нууцыг бүрдүүлдэг мэдээлэл олж авахыг зорьсон гэж дүгнэсэн бол өмгөөлөл түүнийг санаатайгаар тагнах үйл ажиллагаан явуулаагүй бөгөөд, юунд орооцолдсоноо, өөрийг нь юунд ашиглаж байгааг мэдээгүй гэсэн хувилбар дэвшүүлсэн байна. Хэрэв Форд Берг энэ хэргийг санаатайгаар үйлдсэн бол бүх насаараа хорих ялаар шийтгүүлэх байв. Түүний өмгөөлөгч өмнө нь Форде Бергийг Норвегид баривчлагдсан ОХУ-ын Холбооны Зөвлөлийн ажилтан Михаил Бочкаревтай сольж магадгүй гэж таамаг дэвшүүлж байжээ. 2018 онд Норвегийн цагдаагийн газар Михаил Бочкаревыг тус улсын парламентын байранд утасгүй сүлжээгээр мэдээлэл цуглуулж байсанд сэжиглэн баривчилжээ.