Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авсан. Тэрбээр ажлаа хүлээж аваад нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлуудад анхаарал хандуулж ажиллана гэв. УИХ-ын зарим гишүүн ч мөн адил "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, оффшор, Эрдэнэтийн 49 болон 51 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын концесс гэх мэт прокурор дээр очоод дарагддаг томоохон хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаарай" хэмээн захисан.
Тэгвэл ард түмний хайртай хөвгүүд хочтой "поп" таван гишүүн маань шинэхэн прокурортоо асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ. Тус шаардлагад дараах 23 асуудлыг тусгажээ. Үүнд:
- С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчиж эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох;
- С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудлыг шалгах;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал;
- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Олон улсын арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулж, хуулийн фирмээр дамжуулж их хэмжээний мөнгө угаадаг гэгдэх олон удаагийн асуудал;
- “Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хийсэн аж ахуйн гэрээний үйл ажиллагааны асуудал;
- 2017 онд Монголбанкыг шалгасан Улсын Их Хурлын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд;
- “Хөгжлийн банк”-наас олгосон их хэмжээний зээлүүдийн олголт, ашиглалтын асуудал;
- “Төрийн банк”-наас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудал;
- Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын асуудал;
- “Ханресурс” ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын Арбитрын шүүхэд ялагдуулж, 70 сая ам.долларыг Канад руу шилжүүлсэн асуудал;
- “Төмөртэйн орд”-ыг Гаагын Олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай;
- Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан С.Баярцогт нарын иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудал;
- Оюу толгойн хөрөнгө оруулалтын, хувь нийлүүлэгчдийн болон Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын асуудал;
- “Төмөртэйн орд”, Багануурын шинэ цахилгаан станц болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дөрвөн гишүүний концессын гэрээнүүд, эрх мэдлээ урвуулсан эсэх асуудал;
- 60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал;
- Үндэсний аудитын газрын болон 2017 оны Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зөрчлүүд;
- Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн “888 төсөл” гэгдэх зээлийг олгохдоо эрх мэдлээ урвуулсан гэгдэх асуудал;
- Үндэсний аудитын газраас тогтоосон АСЕМ-ын үеийн санхүүгийн олон тооны зөрчлийн асуудлууд;
- Монголбанкны Эрдэнэсийн сан болон Төрийн сан хөмрөгөөс алдагдсан уран зураг, бусад эд зүйлсийн асуудлыг нэг бүрчлэн шалгах;
- Улсын хэмжээнд аялал жуулчлал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгосон газар, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлууд;
- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудал;
- Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон Улсын Их Хурлын гишүүдийг заналхийлсэн асуудал /амьд гэрчтэй хэргүүд/
Гэтэл тэд өөрсөдтэйгөө шууд болон шууд бус хамааралтай хоёр асуудлыг шалгуулахыг "хүсэхгүй" байгаа бололтой. Хууль зөрчин байж хувийн хэвшилд олгосон Лу.Болд гишүүний "Багануур" ХК-ийн ордын лицензийн тусгай зөвшөөрлийн асуудал болон ЖДҮХС-гаас өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тэрбум, тэрбумаар нь зээл авсан асуудал юм. Хэдэн мянган жижиг, дунд үйлдвэрлэгч нарын хөгжих боломжийг хаасан ЖДҮ-гийн асуудлыг Ж.Батзандан гишүүн "жижиг" асуудал хэмээн үзэж буйгаа өөрөө ч мэдэгдсэн шүү дээ. Цахим орчинд түүний мэдэгдлийг “ЖДҮ-гээс өөрөө зээл авчихаад өмгөөлж хамгаалаад байгаа юм биш биз” гэж сэрдэж байсныг ч уншигч та санаж буй биз ээ.