Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн байгууллагаас дэвшүүлсэн санаачилгын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна” гэлээ.
Тэрбээр мөн, өндөр албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа нь парламентын түүхэнд анх удаагаа гэдгийг тэмдэглэсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар мөн нэр дэвшигчдэд хандан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Нээлттэй хэлэлцүүлэгт "Монгол хүн бүрийн төлөө”, "Их нутаг, хүн зоноо хамгаалъя", "Монголын эрдэмтдийн төв зөвлөл", "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Монголын ахмадын холбоо", "Хараат бус захирлуудын холбоо", “Дархан Монгол нэгдэл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцлоо. Үг хэлсэн оролцогчид Улсын ерөнхий прокурорын орлогчид зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан М.Чинбат, С.Алиманцэцэг нараас асуулт асууснаас гадна прокурорын шударга байдал, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал бодлоо хэлсэн.
Нэр дэвшигч М.Чинбат энэ үеэр прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаагаа хэлээд Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдвол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хариуцлагын асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв. Мөн “Байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирсон асуудалд прокурорын байгууллага тууштай ажиллах ёстой. Томоохон асуудлуудыг хуульд заасны дагуу шалгана. Ямар нэг субьектив хандлага гаргахгүй" хэмээлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Л.Оюун-Эрдэнэ нар орж ирж, байр сууриа илэрхийлэв.
Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчидтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудад өөрсдөөс нь хариулт авлаа, захиас даалгавар хэллээ. Цаашид хэрхэн ажиллах талаар байр суурийг нь сонслоо. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлуудад анхаарууллаа. Энэ бүгдийг хүлээж авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт итгэж байна” гээд хоёр нэр дэвшигч болон оролцогчдод амжилт хүслээ.