Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд Финландад парламентын сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуульд парламентад суудалтай 9, суудалгүй 10 нам 13 тойрогт хүч үзжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 17,7% хувиар социал-ардчилсан нам ялалт байгуулжээ. Энэ нь тус нам парламентад 40 суудал авна гэсэн үг аж. Харин одоогийн эрх баригч Төвийн нам дөнгөж дөрөвдүгээрт жагсжээ. Сонгуульд оролцсон аль ч нам сонгогчдын саналын 20 дээш хувь авч чадаагүй байна. Энэ нь Финланд улсын түүхэнд анх гарч байгаа тохиолдол юм. Шинэ парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх бөгөөд нийт гишүүдийн 47%-ийг эзлэх юм байна. Сонгуулийн эцсийн үр дүнг энэ сарын 17-нд зарлах аж.