Лондонгийн цагдаа өчигдөр “WikiLeaks” мэдээллийн сайтын үндэслэгч Жулиан Ассанжыг баривчилжээ. Энэ баривчилгаа Эквадор улс түүнд улс төрийн орогнол өгөхөөс татгалзсаны дараа болжээ. Ассанж долоон жилийн өмнө хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа Швед улсад шилжихээр зугтаж Эквадорын улсын Лондон дахь Элчин сайдын яаманд орогносон юм. Сүүлд Ассанжид тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон ч тэр АНУ-ын засгийн газрын нууц материалуудыг Викиликс сайтад нийтэлж байсныхаа төлөө баривчлагдахаас болгоомжлон элчин сайдын яамны байрнаас яваагүй ажээ. Гэхдээ энэ хугацаанд Ассанж болон Эквадорын Засгийн газрын хооронд элчин сайдын яамны байранд юуг хийж болох, болохгүй талаар маргаан байнга гарч байсан юм. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өөрийн “Твиттер” хуудсанд Ассанжид улс төрийн орогнол өгөхөөс татгалзсан шалтгаанаа тайлбарласан дүрс бичлэг тавьжээ. “Ассажын бүдүүлэг түрэмгий авир, түүнтэй нөхөрсөг харилцаатай байгууллагуудын талаас Эквадорын улсын зүг гаргасан дайсагнасан, сүрдүүлсэн мэдэгдлүүд мөн хамгийн гол нь олон улсын хууль дүрмийг нэг бус удаа зөрчсөн явдал Ассажад орогнол олгох боломжгүй болголоо” гэж Морено мэдэгджээ. Мөн Ассажийг Эквадор улсын иргэншлээс хассан тухай тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Ингээд Эквадорын элчин сайд өөрөө Британийн цагдааг дуудан элчингийн байрнаасаа Ассанжыг баривчлуулсан байна. Жулиан Ассанж одоо Лондон хотын төв дэх цагдаагийн байранд хоригдож байгаа бөгөөд удахгүй гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр шүүгдэх гэнэ. Үүний дараа Британийн Засгийн газар түүнийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байна. ОХУ–д орогнол олсон Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Ассанжын баривчилгааг “дэлхийн хэвлэл мэдээллийн хар өдөр” гэж нэрлэжээ. “Дипломат байгууллагын байрнаасаа дэлхийд тамгалагдсан сэтгүүл зүйн материалын редакторыг баривчлуулахаар Британийн цагдааг урьж байгаа энэ зураг дэлхийн түүхийн номд орох нь гарцаагүй” гэж тэрбээр “Твиттертээ” бичсэн байна. Эквадорын эрх баригчдыг шүүмжилсэн мэдэгдлийг тус улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Корреа хийжээ. “Улс төрийн оргонол төдийгүй иргэншлээ өгсөн хүнийг Британийн цагдаад барьж өгснөөрөө Ленин Морено дэлхий дахинд өөрийнхөө хувь хүнийхээ сул талыг харууллаа” хэмээн тэрээр сэтгүүлчдэд хэлжээ. “Wikileaks” сайтыг үндэслэгчийг баривчилсан явдлыг ОХУ-ыг Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Ардчиллын гар эрх чөлөөний дуу хоолойг боомилов” гэж буруу шаан “Фейсбүүкдээ” бичсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр Жулианыг баривчилж буй бичлэг тархаж байна.