Суданы арми яаралтай хуралдаанаараа Ерөнхийлөгч Омар аль-Башир болон түүний туслахуудыг албан тушаалаас нь огцруулж, Засгийн гарыг тараах шийдвэр гаргасан тухай “аl-Mayadeen” агентлаг мэдээлээ. Тус улсын телевизийн сувгууд Батлан хамгаалахын төлөөлөгчдийн мэдэгдлийг шууд дамжуулжээ. Мэдэгдэлд Суданы зэвсэгт хүчин ойрын хугацаанд тус улсыг шилжилтийн үед удирдах цэргийн зөвлөл байгуулах талаар дурджээ. Шилжилтийн хугацаа жил үргэлжилж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Үүнээс гадна Батлан хамгаалахын сайд асан Абдуррахим Хусейн, Ерөнхийлөгч аль-Баширын орлогч Али Усман Тах нарыг баривчилжээ. Суданы олон улсын нисэх онгоцны буудал хаагдсан байна. 2011 онд Суданы эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээ болон Өмнөд Судан салан тусгаарласны дараа тус улс эдийн засгийн гүн хямралд ороод байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн хүсний бүтээгдэхүүний үнийг бууруулахыг шаардаж эхэлсэн ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн яваандаа Суданыг 30 жил удирдаж буй Омар аль-Баширын улс төрийн дэглэмийг солих шаардлагаар солигдсон юм. Эсэргүүцлийн үеэр 60 хүн нас барж, хэдэн зуун хүн гэмтэж хэдэн мянган хүн саатуулагдсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон мянган суданчууд Суданы нийслэл хотын гудамжинд гарч аль-Баширыг огцрохыг шаардан Зэвсэгт хүчний ерөнхий штабын байрны өмнө ирж армийнхныг “ард түмний талд зогсохыг” уриалжээ. Батлан хамгаалахын сайд Авад ибн Ауф “зэвсэгт хүчнийхэн ард түмний дургүйцлийг ойлгож байгаа ч улс оронд замбараагүй байдлыг үүсгэхгүй” гэж мэдэгджээ.