Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд ажиллаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах зорилтын хүрээнд гэр хорооллыг төвийн дулаанд холбох инженерийн дэд бүтцийн барилга гүйцэтгэлийн ажил СХД, СБД-т тус тус хийгдэж байна. Энэ онд 7220 өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болж, ирэх өвөл 28,500 орчим иргэн 10,000 тонн нүүрсийг хэрэглээнээсээ халах бодит нөхцөл бүрдэх юм. 2020 онд Баянхошуу, Сэлбэ дэд бүтэц байгуулагдснаар тухайн хэсгийн айл өрхүүдийн хэрэгцээ бүрэн хангагдана. Дэд бүтцийг дагасан орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлснээр иргэдийн 60,000 тонн нүүрсний хэрэглээг жил тутамд халах боломжтой болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш Дэд бүтцийн төв болон Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа Сэлбэ дэд төвийн усан сан, насос станцын барилгын гүйцэтгэлтэй танилцах юм.