Өчигдөр буюу дөрөвдүгаар сарын 10-нд Европын холбооны (ЕХ) дээд хэмжээний яаралтай хуралдаан болж “Brexit”-ыг хойшлуулах шийдвэр гаргаж гацаанд ороод байсан Британи улсад амьсгал авах хугацаа өгчээ. Хэрэв хойшлуулаагүй бол энэ бямба гаригт шилжих шөнө Их Британи улс ямар ч хэлцэлгүйгээр ЕХ-оос гарах байлаа. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Европыг Зөвлөлийн тэргүүлэгч Дональд Туск “Бидний шийдвэр бол нэмэлт зургаан сар... Британи нөхдөдөө хандаж хэлэхэд хамгийн сайн шийдэл олоход энэ бол хангалттай хугацаа. Энэ цагийг дэмий битгий үрээрээ” гэж хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Тускийн үгээр бол Британи улс энэ зургаан сарын хугацаанд Европын холбооноос гарах гэрээгээ соёрхон батлаад, аравдугаар сараас өмнө ч тус холбооноос гарч болох аж. Эсвэл холбооноос гарах мэдэгдлээ эргүүлэн татаж “Brexit”-ыг цуцалж ч болох гэнэ. Ингэхдээ Европын зөвлөлийн тэргүүлэгч Их Британийг ЕХ гарах хугацаа дахин хойшлогдож болохыг үгүйсгэсэнгүй. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийн хэвлэлийн бага хурал дээр “Бид гэрээг аль болох хурдан баталж, Европын холбоог орхих ёстой гэж би үзсэн хэвээр байна” хэмээн мэдэгджээ.