Монгол Улс атар газар эзэмшээд 60 жил болж байна. Удам дамжсан тариаланчид, энэ салбарт бизнес эрхлэгчид маань удахгүй тарианыхаа үрийг шимт хөрсөнд нь суулгана. “Атрын III аян”-ыг 2009 оноос хэрэгжүүлснээс хойш хэсэг уналтад ороод байсан газар тариалангийн салбар эргэн сэргэсэн юм. Тариалах талбайн хэмжээ жил бүр нэмэгдэж, тариаланчид маань техник хэрэгслээ шинэчлэн, салбарын нүүр царай аажмаар дээрдэж байгаа. Гэхдээ дэлхийн дулаарлаас шалтгаалан ган гачиг элбэг болсон, хөрсний үржил шим буурч буй зэргээр тариаланчдад тулгарч байгаа асуудал ч бий.
Энэ онд улсын хэмжээнд 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянгад малын тэжээл, 29.1 мянгад тосны ургамал, 13.8 мянгад төмс, 8.9 мянгад хүнсний ногоо, 7.3 мянгад жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр нийтдээ 478.4 мянган га талбайд тариалах юм байна. Ургац хураалтын дүнгээр 508.1 мянган тонн үр тариа хураана гэж тооцжээ. Үүнээс 487.2 мянган тонн улаан буудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал хураана гэсэн зорилт дэвшүүлж буй гэнэ. Мөн 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо хураана гэж таамаглаж буй аж. Ийм хэмжээний ургац хураасан тохиолдолд улаан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 60 хувийг хангах нь.
Төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан авахад цаг уур чухал нөлөөтэй. Өртөг зардал өндрөөс шалтгаалан манай улсад усалгаатай тариалан төдийлөн хөгжөөгүй. Тиймээс хур бороо элбэгтэй жил арвин ургац хураадаг. Харин ган гачиг тохиолдвол ургац алддаг тогтсон гэмээр жишигтэй. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ жилийн зун газар тариалангийн бүс нутагт олон жилийн дундажтай ойролцоо хэмжээний хур тунадас унах төлөвтэйг танилцууллаа. Тэгэхээр ямартай ч ган болж ургац алдахгүй гэсэн үг. Түүнчлэн тариа соёолох хугацаа буюу зуны эхэн сард бороо хур арай бага орох төлөв гарчээ. Тиймээс тариаланчдад ганд тэсвэртэй, соёолох хугацаандаа чийг бага шаарддаг үр суулгах шаардлага тулгарч буй юм. Юутай ч хур бороо олон жилийн дунджийн хэмжээнээс багасахгүй нь найдвар төрүүлж буй нь ойлгомжтой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 386 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулах бодлого баримталж байгаа аж. Ингэснээр нийт тариалангийн талбайн эргэлтийн хэмжээ 884.8 мянган га-д хүрэх гэнэ. Уринш хийх, хөрсөө бордож хамгаалахын тулд тариаланчид маань тодорхой хэмжээний зардал гаргах учиртай. Тэд хөрсөө хамгаалах зардлаа өсгөхийн тулд гурилын үнийг нэмэх шаардлагатай гэж үздэг. Гурилын үнэ нэмэгдвэл үндсэн түүхий эд нь болох улаан буудайн үнэ өснө. Ингээд тариаланчдын ашиг өсөж, хөрсөө хамгаалах зардал гаргах боломжтой болно. Энэ бол төр, засгаас шийдлийг нь олох ёстой нэг ажил болов уу.
“Атрын III аян”-ы хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад тоног төхөөрөмж, үр, шатахууныг хөнгөлөлттэй зээлээр олгож буй. Газар тариалангийн, 50-165 морины хүчтэй 180 трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл, даршны таримал хураагч 34, таримал тэжээлийн үйлдвэрлэлийн иж бүрдэл 20 ширхгийг энэ жил 10 хувийн урьдчилгаа, долоон жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Мөн 16.9 сая ам.долларын хөрөнгөөр 50-125 га-гийн том оврын бороожуулагч болон 1-10 га-г услах хүчин чадалтай усалгааны тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаа, 8-12 жилийн хугацаатай зээлээр олгохоор болсон байна. Үүгээр зогсохгүй тариаланчдад үрээ суулгахад нь зориулж 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууныг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэхээр бэлтгэжээ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Жаахан чийгийг нь хадгалахын тулд газрын ан цав бүрийг бoглoж байна
Өвөлжин “унтсан” тал бор шаргал өнгө татуулж, салхины аясаар сул шороо босно. Зурваслан уриншилж бас төмөр тороор хашаалж, тусгаарласан тариалангийн талбайд их ажлын өмнөх хэсэгхэн нам гүм ноёлжээ. Орон даяар сүүлийн 10 гаруй жил тус бүр 500 000 орчим га талбайд төмс, хүнсний ногоо, улаан буудай болон бусад таримал тариалж буй. Нөр их эл ажил эхлэхэд 2-3 долоо хоног л үлдлээ. Үүнтэй холбогдуулан манай улсын төмс, хүнсний ногооны нийт хэрэгцээний 30-35, буудайн 10-15 хувийг нийлүүлдэг Төв аймгийн Борнуур, Жаргалант сумынхан хаврын тариалалтдаа хэрхэн бэлтгэж буйг сурвалжилсан юм.
Дээрх сумдын нутагт энэ өвөл цаг агаар дулаахан, хаврын урь эрт унажээ. Ингэснээр хөрсний дулаан өндөр байж, эрт ургацын төмс хураан авах боломж бүрдсэн аж. Өөрөөр хэлбэл, дулаан хөрсөнд аль болох эрт буюу тавдугаар сарын эхний долоо хоногт багтаан төмс тарьснаар долдугаар сарын 20-доор ургацаа хураан авч болох гэнэ. Гэсэн ч өвөл цас ороогүйгээс хөрс чийггүй, салхины хурд нэмэгдсэнээр хуурайшилт ихсэж буй талаар Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Гантулга онцоллоо. Ийм үед намрын бороо, өвөл орсон бага зэрэг цаснаас үлдсэн жаахан чийгийг хөрсөнд нь “барих” зорилгоор “чийг хаалт” хийдэг гэнэ. Энэ нь тариалангийн талбайд үүссэн ан цавыг техникээр дарж, дагтаршуулахыг хэлдэг юм байна. Хөрсний ан цаваар чийг алдагддаг тул шороогоор хучин, таглаж буй хэрэг. Бас уринш хийснээс бусад талбайг урьдчилж хагалж бэлтгэхгүйгээр хагалсан даруйдаа үрээ суулгах гэнэ. Хүнсний ногооны үр, үрсэлгээг ч мөн адил газраа хагалахтай зэрэгцэн суулгаснаар хөрсний чийг алдагдахаас сэргийлэн, бороо орох хүртэл үрийг амьтай байлгах боломж бүрддэг юм байна. Борнуур, Жаргалантынхан усалгаагүй талбайгаа тордохдоо энэ мэт арга хэрэглэн, газраа бордон, техниктээ засвар, үйлчилгээ хийснээр тариалалтаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Борнуур сумын “Ундрах шар булаг” компанийн захирал Н.Батбаяр “Манайх 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, бусад аж ахуйн нэгжийн 200 орчим га-д техникээр үйлчилдэг. Үр цацан, газар хагалж, ургац хураадаг бүх техник манайд бий. Манай сумын тариаланчид гуравдугаар сарын дунд үеэс машин, техникийнхээ засвар үйлчилгээг эхлүүлээд одоо бараг дуусаж байна. 2-3 хоногийн өмнөөс талбайдаа бордоо, бууц асгаж эхэлсэн. Ерөнхийдөө тариалалтын бэлтгэлээ хангачихлаа. Тавдугаар сарын эхнээс үрээ суулгана” гэв. Харин Жаргалант сумд үйл ажиллагаа явуулдаг, 2014 оны улсын аварга тариаланч хамт олон “Сав” хоршооны дарга С.Нямрагчаа “Харьцангуй хуурай, хур тунадасгүй хавар болж байна. Хэрэв 4-5 дугаар сард бороо орохгүй бол тариалалт хүндрэх төлөвтэй. Их салхилах, талбайн хөрсөө хөндөж, талхлах, газраа эрт хагалах нь хөрсний чийгийг “иддэг”. Тиймээс хэтрүүлж хэлбэл тариаланчид бид гавьтай ч “хөдөлж” чадахгүй, газраа “энхрийлж” байна. Мөн хүлэмжүүддээ нарийн ногооныхоо үрсэлгээг эхлүүлж, техникийн засвар, шинэчлэлээ хийж дууслаа. Манай хоршоо 60 орчим га талбайд улаан буудай, төмс, байцаа тариалдаг. Эдгээрээс хамгийн ажиллагаа багатай нь улаан буудай бол барагдахгүй ажил ундруулдаг ногоо нь байцаа. Аль ч таримлаас арвин ургац авч болох ч хураасан бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг л том даваа” гэлээ.
Ташрамд дурдахад, энэ жил Жаргалант сумынхан 17 700 гаруй га-д уринш хийсэн бөгөөд 4000 га талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах нь. Тэгвэл Борнуур сумынхан 500 га-д уринш хийж, 1200 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах юм байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН: Цаг агаар тариалалтад нөлөөлөхгүй
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар шатанд байна вэ?
-Тариалалт хаяанд ирлээ. Үүнээс өмнө цаг агаарын төлөвийг тандана. Түүнтэй уялдуулж ямар технологи баримтлах тухай зөвлөмж гаргаж тариаланчдад мэдээлдэг. Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлөвийн мэдээг маргааш (өнөөдөр) танилцуулах юм. Энэ жил Монгол Улсад газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа учраас бид арвин ургац хураах зорилт тавьсан.
-Ургацаа бүрэн хурааж авбал дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу?
-Нийт 500 мянга орчим мянган тонн үр тариа, 480 мянга гаруй буудай хураана гэж тооцоолсон. Энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц дүн. Харин хүнсний ногооныхоо 60 гаруй хувийг хангах төлөвтэй. Үлдсэн 40 хувийг гадаадаас импортолно.
-Тариалалтад шаардлагатай үрийн нөөц хангалттай юу?
-Энэ хаврын тариалалтад нийт 57 мянган тонн үрийн буудай шаардлагатай гэж тооцож байна. Аж ахуйн нэгж, иргэдэд 39 мянга орчим, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон улсын нөөцөд 10 гаруй мянган тонн үр байна. Найман мянган тонн үрийн буудай дутагдах төлөвтэй. Тиймээс үрийн буудай импортлох квотыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Дутагдлаа ингэж нөхөх учир хүндрэл үүсэхгүй гэж найдаж байна. Харин төмс, хүнсний ногооны үр аж ахуйн нэгж, үр үржүүлэгчдэд хүрэлцээтэй бий.
-Энэ жил цас бага орсон учир хуурайшилт ихтэй байгаа. Цаг агаар тариалалтад нөлөлөх үү?
-Цаг агаар хаврын тариалалтад нэг их сөргөөр нөлөөлөхгүй байх. Хуурайшилт ихтэй байгаа ч өнгөрсөн намар орсон хурын чийг хуримтлагдсан. Тэр чийгийг хөрсөнд нь барихын тулд тариаланчид чийг хаах ажил хийж байгаа.
-Тэгэхээр үр тарианы сортыг өөрчлөх шаардлагагүй гэсэн үг үү?
-Улаан буудайг гэхэд 25 орчим төрлийн сортын үрээр тариалдаг. Ихэнх үр, тариа ганд тэсвэртэй тул өөрчлөх шаардлагагүй. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан Дархан-131, Дархан-144, ОХУ-ын Состийский, Алтайн хязгаарын Алтайский-325, 70, 75, 100 гэсэн сорт бий. Тэдгээр сорт нийт тариалалтын 60 гаруй хувийг эзэлдэг. Монгол орны цаг агаарын онцлогт тохиромжтой, ганд тэсвэртэй сортыг нутагшуулж, түүгээрээ тариалахыг зорьж байна.
-Тариаланчдаа энэ жил яаж дэмжих вэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шатахуун, үр, улаан буудай, ургамал хамгааллын бодис, бордоо, техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Энэ жил ч ялгаагүй уламжлал ёсоор тариаланчдаа дэмжинэ. Ингэснээр технологийн хугацаанд төлөвлөсөн ургацаа хураан авахад тустай.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Улаан буудайгаа худалдах “уралдаан” ширүүсэх нь
Гурилан бүтээгдэхүүний гол орц улаан буудайг “улс төрийн таваар” гэж нэрлэх нь бий. Хүнсний аюулгүй байдлаа хангах, үнийг нь тогтвортой байлгах, хомсдолоос сэргийлэхийн тулд улс орнууд үрийн буудайн нөөцөө бодлогоор бэлтгэдэг. Улаан буудайн томоохон экспортлогч хойд хөршид гэхэд үрийн буудайн шинэ сорт гарган авах, өмнө нь гаргаж авсныхаа чанарыг сайжруулахад байнга анхаардаг байна. Мөн урд хөрш үрийн улаан буудайн хэмжээгээ аль болох нэмэгдүүлэхэд анхаардаг аж.
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр улаан буудайн хэрэгцээ нэмэгдэж буй. Гэхдээ өдгөө нийлүүлэлт нь хангалттай байгаа гэнэ. Казахстан, Ирак, Туркменистаны үйлдвэрлэл багахан буурсан бол цаг агаар таатай байсантай холбоотойгоор улс орнуудын үйлдвэрлэл, нөөц нэмэгдэж буй учраас улаан буудайн үнэ хямдарч байгааг “Reuters” дамжуулав. Уг таваарын томоохон үйлдвэрлэгчийн нэг АНУ энэ он гарснаас хойш 7.9 сая тонн улаан буудай экспортлоод буй нь өнгөрсөн жилийн мөн үеэс 19.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ Австрали дахь “Commonwealth bank”-ны мэдээлэлд “АНУ-ын Хөдөө аж ахуйн яам улаан буудайнхаа экспортын хэмжээг буурна гэж таамагласан” хэмээн дурджээ. Тус яам ургацын хэмжээ нь өмнөх жилийнхээс багасахгүй гэж тооцож буй аж. “Futures international”-ийн ахлах шинжээч Тэрри Рэйлли “АНУ-ын ургацын хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байвал Чикагогийн биржид ирэх долдугаар сард нийлүүлэх нэг бушель (27.2 кг) улаан буудайн ханш 4.4 ам.долларт хүрч буурна” хэмээн ярьжээ. Тус биржид уг таваарын фьючерс ханш сүүлийн өдрүүдэд хямдарсаар байгаа юм.
Европын төдийгүй бусад улсын экспорт өсөх төлөвтэй тул улаан буудайгаа худалдах “уралдаан” ширүүсэх нь. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тооцсоноор дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл энэ онд 733 сая тоннд хүрэх төлөвтэй юм байна.
БАЙР СУУРЬ
Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх, хэчнээн га талбайд буудай тариалах, үрийн нөөц ямар байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Тоног төхөөрөмжийнхөө бэлэн байдлыг 92 хувьтай хангасан
Н.ХУРЦ (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн албаны дарга):
-Аймгийн хэмжээнд энэ онд 258 аж ахуйн нэгж, 150 гаруй иргэн 175 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, үр тариа 146, тэжээл 12, тосны ургамал 10 мянга, төмс 2700, хүнсний ногоо 2900 га талбайд тарихаар бэлтгэлээ базааж байна. Энэ хаврын тариалалтад улаан буудайн 19 670 тонн үр шаардагдахаас тариаланчид 12 мянгыг нь нөөцөөсөө, 7000 тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах захиалга хүргүүлсэн. Тариаланчид бэлтгэлээ өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн, техник, тоног төхөөрөмжийнхөө бэлэн байдлыг одоогоор 92 хувьтай хангасан. Энэ сарын 18-нд аймгийн тариаланчдын зөвлөгөөн хийж, атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэнэ.
Тэнгэрийн байдлыг харгалзан технологио сонгоно
Б.ЭНХБАЯР (Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономич):
-Энэ жил манай аймаг 42 мянган га-д үр тариа, 500 га-д төмс, хүнсний ногоо, 3000 га-д тос болон тэжээлийн ургамал тарина. Хаврын тариалалтад 6000 тонн улаан буудайн үр шаардагдахаас тал орчим хувийг нь нөөцөлсөн. 3000 тонн үр дутагдалтай байна. Цаг агаарын төлөвийг харгалзан технологио сонгоно. Ирэх тавдугаар сарын 5-20-нд тариалалтаа эхлүүлэхээр зэхэж байна.
1700 тонн үр шаардлагатай
О.НЭМЭХБАТ (Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич):
-Дархан-Уул аймгийн хэмжээнд үр тариа 11 мянга, төмс, хүнсний ногоо 1200, тосны ургамал 2500, тэжээл 400 га талбайд тарихаар төлөвлөсөн. Тариаланчид бэлтгэлээ базааж, техник, тоног төхөөрөмжөө засаж сэлбэн ажиллуулахад бэлэн болгосон. Төмс, хүнсний ногооны үрсэлгээгээ хийж эхэлсэн. Үр тарианы хувьд талбайн чийг хаах ажил 60 хувьтай байна. Цаг агаар эрт дулаарсантай холбоотойгоор тариалалтыг технологийн хугацаанаас 7-10 хоногийн өмнө эхлэх урьдчилсан төлөв гаргалаа. Энэ жил 1700-гаад тонн үр шаардлагатайгаас тариаланчид 800 орчим тонныг нөөцөлсөн. Хөрсний oнгoн үеийн чийг тариалалт эхлэхэд хангалттай гэж үзэж байна.
Ирэх сарын 5-наас ажлаа эхлүүлнэ
Ц.ГАНЧИМЭГ (Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн албаны дарга):
-Энэ жил аймгийн хэмжээнд 113 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Буудай 83 мянга, төмс 5800, хүнсний ногоо 1600, тэжээлийн ургамал 8500 га-д тариална. Тариалалтыг ирэх сарын 5-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах “Алтай” болон өөрийн орны нутагшсан сортын үр тарина. Энэ хаврын тариалалтад нийт 5500 тонн үр нөөцөлсөн, 7000-аад тонн үр дутагдах байх. Түүнчлэн хөрс чийг багатай байгаа ч бид чийг хаах, хадгалах технологиор ажиллаж буй.