Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан. Энэ нь нэг хүүхдийн 6-8 шүд асуудалтай байна гэсэн үг. Хэрэв энэ асуудлыг хайхрахгүй орхивол тодорхой хугацааны дараа бүхэл бүтэн нэг үе маань шүдний цоорлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Харин 18 настай залуусын дунд судалгаа хийхэд бүтэн шүдтэй залуус 67.5 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, 33.5 хувь нь ямар нэгэн байдлаар шүд нь бүтэн биш байна гэсэн үг.
Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотоод талаасаа эрүүл мэндийн олон асуудал дагуулдаг. Иймээс уг хөтөлбөр нь онц чухал ач холбогдолтой юм. 2-12 насны хүүхдүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь том зорилт нь амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх насныханд суулгахад оршино. Ерөнхийдөө уг хөтөлбөрийг 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр улсын төсөвт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2019 онд 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, эхний ээлжинд 2-6 насны хүүхдийн шүдийг эмчилнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувиар бууруулах тооцоолол хийсэн.
Нийтдээ 199 эмнэлэг (Улаанбаатар хотод 115, хөдөө орон нутагт 84) 2-12 насны хүүхдүүдэд үйлчилнэ. Улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлж байгаа хөтөлбөр гэдгийг дахин хэлье.
2-12 насны 725 мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд багтаан урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, эмчлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, харин санхүүгийн боломж бололцоо муу хэрнээ хүүхдийнхээ шүдийг яаралтай эмчлэх хэрэгтэй байгаа 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх уян хатан бодлого баримталж байна" гэлээ.