Монголбанк “Капитал” банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, ЭМДЕГ-аас тус банканд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөгийг “Капитал”-д байршуулж байсан аж.
Мөн энэ шийдвэртэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Монголбанктай ярилцаж байгаад эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэж ойлгосон. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд барагдуулах талаар ярилцаж байна. Тус банканд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл тус банканд байсан. Намайг сайдаар томилогдож ирэхэд уг сангийн чөлөөт үлдэгдэл болох 280 орчим тэрбум төгрөгийг “Капитал” банканд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч, одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг ойрын хугацаанд буцаан авах төлөвлөгөөг Монголбанктай хамтран гаргана. Нийгмийн даатгалын сан болоод Төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй. Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас үүнийг төлнө. “Капитал” банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь хохирлыг барагдуулах ёстой” хэмээн тайлбар хийсэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн мэдээлэл хийсэн. Тус банканд төрийн (Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг) гэх данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. Хөгжлийн банкны 52 тэрбум (ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг) төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байхдаа байршуулсан гэнэ. Тэрбээр “Капитал” банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөхгүй байсан. Тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлөх ёстой. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэл гаргах үүрэг өгнө” гэж тайлбарлав.
Харин уг банкны эзэн гэгддэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Би “Капитал” банканд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөлтэй холбоотой гэж бодож байна. Тиймээс ямар нэг тайлбар хийхгүй. Ийм шийдвэр гаргасан Монголбанк тайлбар хийх ёстой” гэлээ.
Бэлтгэсэн: У.Наран