Казахстан улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд болох байсан ч тус улсыг 20 жил удирдсан Норсултан Назарбаев өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж, орондоо парламентын тэргүүлэгч байсан Касым –Жамарт Токаевыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл өнөөдөр Касым Токаев ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах болсноо мэдэгджээ. “Би ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 2019 оны 6-р сарын 9-нд явуулахаар шийдлээ" гэж тэрбээр үндэсний телевизийн сувгаар ард түмэндээ хандан зарласан байна. Токаевын хэлснээр бол тэрээр энэ талаар елбасытай (үндэсний удирдагч) зөвлөлдсөн ажээ. Эл албан ёсны хэргэмтэй хүн нь Назарбаев юм.
Токаев сонгуулийг нээлттэй, шударга зохион байгуулахаа амласан бөгөөд өөрөө нэр дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Казахстаны Ерөнхийлөгчийн суудалд Токаеваас гадна өмнөх ерөнхийлөгчийн охин Дарига Назарбаева, Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Карим Масимов мөн түүний орлогч мөн л Назарбаевын хамаатана (эгчийнх нь хүүхэд) Самат Абиш нар очих хамгийн магадлалтай хэмээн яригдаж байгаа аж. Ерөнхийлөгч асан Назарбаев улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж, эрх баригч Нур-Отан намын даргын суудалд хэвээр үлдсэн юм. Улсынхаа гол албан тушаалыг авч үлдсэн тэрээр казахстаны дотоод болон гадаад бодлогыг удирдах боломжтой ажээ.