Колумбын Ерөнхий прокурор Нестор Умберто Мартинес тус улсын Ерөнхийлөгч Иван Дукегийн амь насанд халдах гэж байгаа тухай мэдээлэл ирсэн талаар өчигдөр буюу даваа гарагт мэдэгджээ. Тэрээр энэ тухай Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд ярьжээ. Түүний олсон мэдээллээр бол халдлага дөрөвдүгээр сарын 9-нд Дукег тус улсын баруун муж Каукад нутгийн уугуул иргэдтэй уулзах үеэр төлөвлөгдсөн байна. “Тус бүсэд нэвтрэн орсон зарим хууль бус бүлэглэлүүд Ерөнхийлөгчийн эсрэг террорист халдлага хийхээр төлөвлөжээ” гэж El Tiempo сонин прокурорын үгийг иш татжээ. Колумбын хууль сахиулах байгууллагууд дээрх мэдээллийг нягтлан шалгаж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-с эхлэн Каука мужид тус улсын уугуул иргэд индианчууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа ажээ. Тэд өөрсдийн эрхийг хүндэтгэх, санхүүжилтийг нэмэх, аюулгүйн байдлыг хангах зэрэг шаардлага тавьж байгаа юм байна. Ерөнхийлөгч Дуке тэдгээр иргэдтэй уулзах төлөвлөгөөтэй байжээ.