Монголыг маань аалзны тор хиржээ. Хүний мах бодийг элдэв халдвараас хамгаалах ёстой дархлаа нь хэрээс хэтрэн өвчнийг биш өөрийн бусад эрхтнүүдээ дарангуйлахыг анагаах ухаанд автоимуны өвчлөл гэж хэлдэг. Авлига нь яахын аргагүй нийгмийн өвчин мөн. Түүнтэй тэмцэх нь ч зүйн хэрэг. Гэвч энэ өвчинтэй тэмцэх нэрийн дор түүнээсээ илүү аюул дагуулсан тогтолцоо бүрэлдэж, дарангуй дэглэм нүдэн дээр босч ирж байна.
Ороо бусгаа 90-ээд онуудад бүгд аргаа олохгүй будилаж явахад бид дундаа хамгийн хөдөлгөөнтэй заримууд нь эрсдэл үүрэн хувийн бизнесүүдээ эхлүүлсэн байдаг. Дөнгөж шинээр байгуулагдсан арилжааны банкууд зээл олгох гэж арга ядаж, мань хэд нь зээл авахаасаа айж, өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж суухад тэд эс бусыг хийж, унаж тусан, дахин босч ирэн өнөөгийн энэ нийгмийг сайхан муухайтай нь байгуулсан. Мэдээж, тоглоомын дүрэм нь тодорхой болж амжаагүй орчинд тэд олон алдаатай үйлдэл хийсэн нь гарцаагүй. Харин бид цаашид ингэж амьдармааргүй, шинэ, илүү сайхан нийгэм байгуулъяа гэтэл тэдний өмнөх энэ алдаанууд тэднийг, улмаар манай нийгмийг бүхэлд нь барьцаанд оруулж, цааш гишгүүлэхгүй нь улам тодорхой болж байна. Энэ байдал улам даамжирсаар эрх мэдлийн төлөөх бүлэглэдлүүд нийгмийг эрүүл байлгах ёстой хүчний байгууллагуудыг ашиглан улсын маань ирээдүйгээр дэнчин тавьж эхэллээ.
АТГ, ТЕГ, ЦЕГ, ПЕГ, ШШБЕГ гэх мэт бүхий л хүчний байгууллагуудын удирдлага, тэр бүү хэл шүүгчдийн томилгоог сайтар ажиглавал мэргэжлийн ур чадвар, ёс суртахууны шалгууруудад суурилсан сонголт бус улстөр-санхүүгийн бүлэглэлүүдийн далд тэмцлийг илэрхийлэх болов. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх болон шүүх засаглал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарь бүрмөсөн утгаа алдан хутгалдаж, эцсийн бүлэгт энэ улсыг нураах хэмжээнд тулан ирснийг бид үзэж байна. Төрийн эрх барих болсон аль ч этгээд “өөрийн” хүмүүсээ дээрх байгууллагуудын даргаар томилохыг чухалчилж, тэдний үндсэн үүргийг умартуулав. Үүний үр дүнд нэгнээ тагнах, шалгах, баривчлах явдал хавтгайрч, хууль ёст эрх зүйн талбараас хэдийнээ хальж, үүндээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг тархи угаах зорилгоор татан оролцуулж Монгол Улсыг дундад зуунд түлхэн унагалаа. Юун ардчилал!?
УИХ, Засгийн газрын гишүүд, томхон бизнес эрхлэгчид, тэдний төрөл садан, найз нөхдөд нь учир битүүлэг эрүүгийн хэрэг олноор үүсгэж, заримыг нь хоёр гурван жилээр шүүхэд ч шилжүүлэхгүй хорьж барьцаалахад манай улсын хөгжлийг хэн тодорхойлох байр сууринд байх вэ? Эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, шүүх процессуудын цаг хугацаа нь улстөрийн томилгоо, сонгуулийн үетэй хачин жигтэй таараад байдаг нь зүгээр л тохиолдлын хэрэг гэж одоо хэн итгэх юм бэ? Бидний мэдэхгүй хэдэн хавтаст хэрэг дараастай, төрийн өндөр албан тушаалтнуудыг номхруулах зэвсэг болон ширээний шүүгээнүүдэд цагаа хүлээн хэвтэнэ вэ? Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүний гэр бүлийн хүнд мөнгө угаасан хэрэг үүсгэн шалгаж байсан нь замхран чимээгүй болов. Зөвхөн энэ хэрэг дээр л гэхэд өчнөөн хариу нэхсэн асуултууд байна. Хэрэв гэм буруугүй юм бол гэмгүй хүнийг хорьж, төрийн өндөр албан тушаалтны нэрийг гутаасны хариуцлагыг яагаад хэн ч хүлээдэггүй юм? Хэрэв бурууг нь нотлоход хангалттай материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм бол яагаад шүүхэд хэргийг шилжүүлэхгүй байгаа юм? Хэрэв шүүхээр шийдсэн юм бол өмнө нь дуулиан тарьсан шигээ яагаад олонд мэдэгдэхгүй байгаа юм? Хэдэн зуун сая төгрөгийг хэдэн зуун сая доллар гэж хэдэн сар “андуурсан” эмгэнэлт хошин шог ингээд л дуусаа юу? Энэ янзаар “андуураад” байх юм бол энэ улсад шалгагдахгүй хүн байгаа юм уу? Т.Ганболд гэж залууг нэг болохоор төрийн дээд одонгуудаар шагнаад л, нэг болохоор байсхийгээд л хэдэн сараар хорьж цагдаад байдаг нь ямар учиртай юм? 4 сая доллар чинь зүгээр л бидэнд зухуйж харагдаж байгаа төрийн рекетийн үзүүр төдий ул мөр юм биш үү? Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг хорьж байгаад яг огцрохын өмнөхөн суулладаг нь цаг хугацааны хувьд бас л санамсаргүй таарсан хэрэг үү? Яагаад ийм олон хүн хэрэг нь шүүхэд шилжихгүй урьдчилан хорих ангийн хаалгаар орж гараад байдаг юм? 461 дүгээр ангид эмнэлэгийн туслалцаа авч чадалгүй нас нөгчсөн Д.Амарсайханы хэрэг уучлаарай гээд л дуусаа юу? Яагаад Н.Энхбаярын шүүх хурал, түүнийг өршөөсөн хугацаанууд нь улстөрийн том том үйл явдлуудтай тийм ойрхон таараад байдаг юм? “Хараат бус, бие даасан” шүүх маань дүр эсгэсэн ардчиллын нэгэн бүрэлдэхүүн төдий болсон биш уу? Энэ бүх асуултуудыг олон хүн анзаарахгүйдээ биш айгаад асуухгүй явна. Айдас! Айдсаар амаа үдүүлсэн улстөрийн элитийг хэн удирдаад байна вэ?
Авлигын эсрэг хуулинд эргэлзээтэй хэдэн заалтууд орсноор АТГ-д хэмжээлшгүй эрх мэдэл өгч, улстөрийн зорилгоор улстөрийн болон төрийн албан хаагчдыг нухчин дарах нөхцөлийг бүрдүүлснийг засч залруулах шаардлагатай байна. Нэгд, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч”-ийг хамааруулсан нь сонгуулийн явцад хэрэг үүсгэн нэр дэвшигчийн нэр төрийг сэвтүүлэн, цаашилбал бүр цагдан хорих ч арга хэмжээ авч, “аюултай” өрсөлдөгчийг зайлуулах арга хэрэгслийг бэлдэж ээ. Хэрэв нэр дэвшигч нь өмнө нь төрийн алба хааж байсан юм бол тухайн үед нь шалгахгүй, заавал сонгуулийн үед шалгах нь өөрөө туйлын хуудуутай хэрэг мөн. Төрийн алба хааж байгаагүй хүнд сонгуульд оролцох болохоор нь авлигын хэрэг үүсгэн шалгана гэдэг нь бүүр ч бусармаг зүйл. Авлига өгсөн хүнийг хэзээ ч шалгах ёстой, гэхдээ сонгуулийн үеээр нэр дэвшигчийг эсхүл нэр дэвшиж магадгүй гэсэн хүмүүсийг онилох боломжийг хаах эрх зүйн зохицуулалт сох дутаж байна. Хоёрт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-д д хориглох зүйл гэдэгт “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасан нь АТГ-ийн эрх мэдлийн хүрээг үндэслэлгүй, хэмжээгүй тэлж ээ. Юуны өмнө, энэ бол авлигын хэрэг биш. Төрийн өмчийг шамшигдуулсан бол гэм буруутай этгээд Эрүүгийн хуулиараа л хариуцлага хүлээх ёстой. Нөгөөтэйгүүр, аудитаар шалгаж, захиргааны арга хэмжээ авч болох асуудлыг эрүүгийн хариуцлагад татаж болох нөхцөлийг бүрдүүлсэн нь нэн аюултай байна. Тухайлбал, яаралтай биш зардлаа дараа жил болтол хойшлуулаад, төр мөнгөөрөө байгууллагынхаа гэнэт эвдэрсэн тоног төхөөрөмжийн оронд нэгийг шинээр худалдан авсан ч эрүүгийн хэрэг болгон шалгаж болно гэсэн үг.
Сонгуулийн дараа хэрэг нь хаагдна (хэрэв олон юм ярихгүй бол). Нэр дэвшигч сонгогдохгүй, бас авлигачин нэртэй үлдэнэ. Энэ зөв гэж үү? Цаашилбал, яахаараа АТГ мөнгө угаах гэмт хэргийг шалгадаг болсон юм? Авлигын эсрэг хуулинд мөнгө угаах гэмт хэрэг гэж үг байтугай үсэг ч ороогүй тул хэргийн харъяалал нь цагдаад л байх ёстой. Эрүүгийн хуулинд мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлохдоо “гэмт хэргийн улмаас олсон мөнгийг мэдсээр байж авсан” гэж тов тодорхой заасан. Авлига гэдэг нь өөрөө тусдаа гэмт хэрэг. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй зарчим хаачсан бэ? Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг чандлан сахиулах ёстой Прокурорын хяналт нь хаа байгаа юм? Үүргээ гүйцэтгэдэггүй, зөвхөн ёс төдий прокурорын байгууллага нь дүр эсгэсэн ардчиллын бас нэгэн бүрдэл мөн үү? Бид ийм нийгэм байгуулна гэл үү?