Хэрэв ОХУ барууны орнууд руу довтлох юм бол НАТО тус улсын эсрэг цөмийн зэвсэг ашиглах болно гэж Польшийн армийн чөлөөнд гарсан генерал Вальдемар Скшипчак “Wirtualna Polska” цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Генералын бодлоор Польш бол Оросын заналхийлэлтэй хиллэдэг Умард Атлантын холбооны фронтын тэргүүн шугам дахь улс аж. Ингэхдээ тэрээр дайн гарсан нөхцөлд Польш улс дангаараа Оросын эсрэг зогсож дийлэхгүй бөгөөд тус улсад байрлах НАТО-ийн нэмэлт хүчнүүд ч тусалж чадахгүй гэнэ. Мөн холбоотнуудын тусламж ирэхэд хэдэн долоо хоног шаардагдах аж. Генерал НАТО-ийн хүчийг сул, үр ашиг муутай гэж тодорхойлоод Крымийн хойгийг жишээ татсан байна. “Шийдвэрийг их удаан гаргаж байна... НАТО-г сэрэх гэсээр байтал Крым болон Украины зүүн хэсэг Путиний гарт орсон” гэж генерал хэлжээ. Хүйтэн дайны үед АНУ цөмийн зэвсгийн тусламжтайгаар Улаан Армийг Польшийн нутаг дэвсгэрт зогсоохыг төлөвлөж байсан, мөн ОХУ-ын зүгээс түрэмгийлэл гарсан тохиолдолд эл төлөвлөгөө одоо ч байгаа тухай ярьсан аж. Иймэрхүү нөхцөл Польш улсын хувьд байж болохгүй зүйл бөгөөд “хэрэв дайн эхэлбэл бидний саналыг хэн ч асуухгүй. Мөн бид газар зүйн барлалаа өөрчлөх аргагүй” гэж тэрээр хэлсэн байна. Энэ оны хоёрдугаар сард Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак тус улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд 50 тэр бум доллар зарцуулах тухайгаа мэдэгдсэн билээ.