УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийнхэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан дүгнэлтээ гуравдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-д хүргүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ажлын хэсгийн санал дүгнэлтэд найман гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн. Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарлаа.
Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай. Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ.