Амьд амьтан бүр газрыг “идэж” амьдардаг. Дэлхий ертөнц яаж ч хөгжин, технологийн дэвшил хаана нь ч хүрлээ хөрс ургуулж, шороо бүтээн, түүндээ хүнс тариалтал маш их хугацаа зарцуулах болов уу. Тиймээс газар шороогоо хайрлан, хамгаалж, тордох учиртай. Ялангуяа газрын өгөөжийг шууд хүртдэг мал аж ажуй, газар тариалан, уул уурхайн салбарынхан байгалиа тогтмол тэжээж, нөхөн сэргээх үүрэгтэй. Гэтэл манай оронд хөрсний доройтол дээд цэгтээ хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн нэлээд хэсэг нь цөлжин, тариалангийн нийт талбайн 60 хүртэлх хувь нь гүн элэгдэлд орсон гэнэ. Учир нь сүүлийн хорь гаруй жил тогтмол ашиглаж буй газраа эрүүлжүүлэх, бордох, нөхөн сэргээх, хөрснийх нь бүтцийг үнэлэх буюу агротехнологийн бодлого алдагджээ. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд таван жил тутам талбайнхаа чанарт шинжилгээ хийлгүүлэн, доройтлоос нь хамаарч авах арга хэмжээгээ тодорхойлон, шаардлагатай ажлаа хийх учиртай аж. Эл байдлыг хангахаар сүүлийн 10 орчим жилд анх удаа буюу 2013 онд ХААИС-ийн багш, мэргэжилтнүүд манай орны газар тариалангийн голлох бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хийсэн судалгаагаар дээрх дүнг тогтоосон юм байна. Түүнээс хойш аж ахуйн нэгжүүд газраа хэсэгчлэн шинжлүүлснийг эс тооцвол албан ёсоор нийт талбайг хамруулан үнэлүүлж, зохих арга хэмжээ аваагүй тул газрын гарц улам доройтон, үржил шим нь буурч буйг мэргэжилтнүүд сануулж буй юм.
Хөрсний бүтэц алдагдан, үржил шимгүй болсоор, ахин ашиглах аргагүй болтол доройтож, атаршихад хүрдэг байна. Ийнхүү цаг хугацаа ихээр алдах нь хөрсөө дараа сэргээхэд хүндрэл учруулж, ихээхэн хөрөнгө, хүч зарцуулахаас өөр аргагүйд хүрэх нь дамжиггүй. Хөрсний доройтол зөвхөн тухайн хэсэг газрыг хамрах бус тэлж, цөлжсөөр дийлэнх нутгийг хамрах бөгөөд гүний усны хэмжээг багасгахад хүргэдэг. Тиймээс аль ч аж ахуйн нэгж хувь хүн, холбогдох албад хөрсөө хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах ёстойг ойлгох хэрэгтэй юм.
Одоогоор хүн төрөлхтний дөрөвний нэг нь бордооны тусламжтай нэмэгдсэн ургацаар хооллож буй статистик бий. 100 гаруй жилийн өмнөөс газар тариаланд бордоо хэрэглэж эхэлснээс хойш нэг жилд зах зээлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний хэмжээ ч 50 орчим хувиар өссөн тооцоо байдаг аж. Мөн хөрсний элэгдлийг бууруулахад бордоо хамгийн чухал нөлөөтэйг удаа дараа дурдах шаардлагагүй болов уу. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай улсын тариалангийн талбайн хэмжээ, хөрсний элэгдэл, хурааж буй ургацаас шалтгаалж жилд багадаа 150 000 тонн бордоо хэрэглэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хоёр жилд манайх нийт 30 000 тонныг импортолсон бөгөөд үлдсэн шаардлагатай хэмжээнийх нь 20 хүрэхгүй хувийг буюу 20 гаруй мянган тонн бордоог дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлэх хүчин чадалтай болжээ.
Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ бүрэн борлуулах зах зээлгүй хэвээр байгааг холбогдох албаныхан нь дуулгалаа. 20 гаруй мянган тонн бордоо гэдэг манай нийт хэрэгцээний долооны нэг хувьтай тэнцэх дүн ч борлуулалт хангалтгүйгээс үйлдвэрлэл өргөжих боломжгүй байгаа нь харамсалтай хэрэг. Эл байдалд нэг талаас тариаланчид бордооны үнэ цэнийг ойлгон, хэрэглэж хэвшээгүй, нөгөөтээгүүр дотоодод үйлдвэрлэсэн бордоо тонн тутамдаа импортынхоос 100 000-300 000 төгрөгөөр илүү үнэтэй байдаг нь нөлөөлсөөр. Мөн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зээлээр өгөхөөс илүүтэй шууд борлуулах сонирхолтой нь хүндрэл үүсгэж буй юм билээ.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрхлэгч Б.Одгэрэл “Тариалангийн бүсийн хөрсний дийлэнх хувь нь гүн элэгдэлд орсон. Аж ахуй эрхлэгчдээс сүйдсэн талбайгаа сэргээлгүй орхиод, шинэ газар эзэмшиж эхэлсэн нь ч байна. Сүйдсэн хөрсний төлөвөөс шалтгаалж багадаа таван жил олон наст ургамлаас өөр таримал тарилгүй “амраах” ёстой байдаг. Хэрэв хэт элэгдэлд орсон бол 9-10 жил хөндөхгүй байх хэрэгтэй. Одоогоор манайд амраасан хөрстэй талбай огт байхгүй. Юуны түрүүнд тариалан эрхлэгчдэд талбайгаа нөхөн сэргээх үүрэг хүлээлгэн, тогтмол хянан шалгаж хэвшмээр байна. Түүнчлэн хөрсөө сэргээхийн хажуугаар ургацын хэмжээгээ өсгөх, чанарлаг таримал бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх энгийн арга бол бордоо хэрэглэх гэдгийг ойлгуулах нь чухал” гэсэн юм.
Дэлхий нийтэд жилд 250 сая орчим тонн бордоо хэрэглэдгийн талаас илүү хувь нь Зүүн Өмнөд Азийн бүсэд ногддог юм байна. Түүнчлэн дэлхийн зах зээлд сүүлийн 10 жил бордооны үнэ тасралтгүй өсжээ. Энэ нь түүхий эдийн хомсдол ихэнх улсад нүүрлэж буйтай холбоотой гэнэ. Харин манай орон бордооны түүхий эдээр баялаг. Ялангуяа газар тариалангийн талбайн чухал эрдэс болох фосфорын бордооны үндсэн түүхий эд фосфоритын арвин нөөцтэй гэх боловч түүнийг ашиглах, эсэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь тодорхойлсон нь үгүй. Тиймээс дотоодын бордооны үйлдвэрүүд түүхий эдийг импортлон бодис хоорондын харьцаа, концентрацыг тохируулан бүтээгдэхүүн бий болгодог. Ийм аргаар бордоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж одоогоор манай улсад найм байна. Тэд гарааны компанийн шугамаар үйлдвэрлэлээ эхлүүлж, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдсан.
Мэдээж дэлхий нийтийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй бордооны хэрэглээ, дотооддоо үүссэн шаардлагад үндэслэн ажлаа эхлүүлсэн ч өдгөө төдийлөн ашиг олж чадахгүй буй тул эзэд нь халагласаар байна. Зүй нь газар тариаланд шаардлагатай бордооны нийт хэрэгцээний 20-30 хувийг хангах хүчин чадлаа бүрэн ашиглан, борлуулалтаа тасралтгүй хийвэл үйлдвэрлэлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа тогтворжуулж, улмаар бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар импортынхоос дутахааргүй гэнэ. Нэг үгээр хэлбэл, дотооддоо чанарын шаардлага хангахуйц бордоо хийдэг, бордооны хэрэгцээ ч хангалттай байсаар атал газар шимгүй, гарааны компаниуд орлогогүй хэвээр байгаа юм билээ. Үүнийг хэрхэн зохицуулж болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын
...Сүйдсэн хөрсний төлөвөөс шалтгаалж багадаа таван жил олон наст ургамлаас өөр таримал тарилгүй “амраах” ёстой байдаг. Хэрэв хэт элэгдэлд орсон бол 9-10 жил хөндөхгүй байх хэрэгтэй. Одоогоор манайд амраасан хөрстэй талбай огт байхгүй...
хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэгээс тодруулахад “Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих үүднээс 2016 онд 2000, 2017 онд 1500, өнгөрсөн жил 2000 орчим тонн бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй нөхцөлөөр компаниудад олгосон. Энэ оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбоотойгоор дотоодоос аль болох ахиу бордоо худалдан авахыг хичээнэ. Гэхдээ шалгуур хангасан буюу үнэ, чанарын хувьд тендерийн нөхцөлийг биелүүлсэн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олдох юм. Бордоо нийлүүлэхэд импортлогч юм уу, үндэсний үйлдвэрлэгч байх нь чухал биш гэсэн үг. Хязгаарлагдмал хөрөнгөтэй тул бид дотоодын бүх үйлдвэрийг дэмжих боломжгүй. Хамгийн гол нь импортын бордоог дотоодынхоос хямд үнээр, зээлээр авчих боломж байсаар атал хэн ч илүү үнэтэйг нь бэлэн мөнгөөр худалдан авахыг хүсэхгүй шүү дээ” гэлээ.
Үүнээс харахад газар тариалан эрхлэгчид өөрсдийн хөрөнгө санхүүгийн чадварт нийцүүлэн бордоо хэрэглэх, эсэхээ шийдэж байна. Үндэсний үйлдвэрлэгчид ч хөрсний элэгдэл, хорогдлыг тоочин, бордоо авахыг шаардан, өндөр үнээр нийлүүлэхээс өөр аргагүй байдлаа учирлаж буй юм билээ. Харин төрийн албадын хувьд тендерийн нөхцөл, үнийн санал зэрэг “цаасан”-нд үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр л бордоо хэрэглүүлэхээр зохицуулж буй бөгөөд хөрсөө тордоход дорвитой ахиц гаргахгүй байсаар. Ийнхүү хэн хэн нь “хүнийрхүү” сэтгэлээр хөрс хамгааллын асуудалдаа хандаж буй нь манай орны газар тариалангийн талбай, цаашилбал нийт нутгийн хөрсний элэгдлийг даамжруулж, цөлжүүлж, нөхөн сэргээгдэхгүй байдалд хүргэх аюултай юм.