249.6 сая төгрөгийн хувьцаа арилжлаа
Монголын хөрөнгийн бирж баасан гарагт I-III ангиллын 36 компанийн 849 695 ширхэг хувьцааг 249 646 216 төгрөгөөр арилжив. Тэдгээрийн 11-ийнх нь хувьцааны ханш өсөж, 22-ынх нь доошилж, үлдсэнийх нь тогтвортой байлаа. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.25 хувиар буурч 20 826 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 2.45 их наяд төгрөгт хүрчээ. Энэ өдөр “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.27 хувиар дээшилж, нэгж нь 471.55 төгрөгтэй тэнцэв. Тэгвэл “ЛэндМН ББСБ”-ын 488 636 ширхэг хувьцаа борлогдсон нь тоо ширхгээр хамгийн олонд тооцогдлоо. Харин “Стандарт ноос” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар уруудаж, 293.25 төгрөгтэй дүйжээ.
Газрын тосны ханш баасан гарагт нэг орчим хувиар өслөө. Ингэснээр сүүлийн 10 жилд нэг улиралд хамгийн өндөр хувиар дээшилснийг “Reuters” тодотгов. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) олборлолтоо танаж буй, АНУ Иран, Венесуэлийн газрын тосонд хориг тавьсан нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. ОПЕК болон ОХУ тэргүүтэй газрын тос үйлдвэрлэгч орнууд нэгдүгээр сараас үйлдвэрлэлээ өдөрт 1.2 сая баррелиар бууруулаад байгаа билээ. Энэ өдөр “Brent” маркийн нефтийн ханш 0.8 хувиар дээшлэн, баррель нь 68.39 ам.доллартой тэнцсэн бөгөөд улмаар нэгдүгээр улиралд нийт 27 хувиар өссөн байна. Мөн WTI маркийн нефтийн ханш 1.42 хувиар нэмэгдэн, баррель нь 60.14 “ногоон”-д хүрснээр 1-3 дугаар сард нийт 32 хувиар дээшилсэн үзүүлэлт гарав. Энэ нь аль алиных нь ханш 2009 оны хоёрдугаар улирлаас хойших (нэг улирлын хугацаанд) хамгийн өндөр хувиар өссөн гэсэн үг. Газрын тос үйлдвэрлэгч орнуудын төлөөлөл ирэх зургадугаар сард уулзах бөгөөд ОХУ олборлолтоо танах шийдвэрийг дахин гурван сараар л сунгах магадлалтай хэмээн зарим эх сурвалж тэмдэглэжээ.
“Barclays” банкны тооцоолсноор хоёрдугаар улиралд баррель газрын тосны ханш дунджаар 73 (WTI маркийнх нь 65), энэ жил 70 ам.доллар байх төлөвтэй. Тэгвэл “Reu¬ters” агентлаг эдийн засагч, судлаачдын дунд судалгаа явуулахад “Brent” маркийн нефтийн ханш энэ онд дунджаар 67.12 “ногоон” байна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ нь дээрх тоог 66.44 ам.доллар байна хэмээн өмнө нь таамагласнаас нэг хувиар илүү юм.
Тонн зэсийн үнэ 6485 ам.долларт хүрэв
АНУ, БНХАУ худалдааны маргаанаа Бээжинд хэлэлцэхтэй холбоотойгоор тавааруудын ханш дээшиллээ. Тухайлбал, Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 6485 ам.долларт хүрч, нэг орчим хувиар өсөв. Тус бирж дэх уг таваарын нөөц багасаж 169 950 тонн болсон байна. 2017 оны эцсээс хойш анх удаа дээрх биржид зэсийн ханш нэг улирлын турш нэмэгдсэн үзүүлэлттэй гарахаар буй аж.
Ташрамд дурдахад, Перу дэх Лас-Бамбас ордод гарсан ажилчдынх нь эсэргүүцэл намжих хандлагагүй байгаа тул нийлүүлэлт нь зогсож болзошгүй гэнэ.
Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлснээр өнгөрсөн онд зах зээлд 387 мянган тоннын хомсдол бий болсон аж. Тэгвэл энэ онд ч мөн хомсдол үүсэх магадлалтай хэмээн шинжээчид үзэж буй юм байна. Лондоны металлын биржид баасан гарагт гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ 0.9 хувиар дээшилж, тонн нь 6420 ам.долларт хүрэв. Түүнчлэн Шанхайд дээрхтэй адил хувиар өссөнөөр 48 800 юань (7266.66 ам.доллар)-тай тэнцлээ. Энэ өдөр хөнгөн цагааны ханш 0.6 хувиар өсөж, тонн нь 1900 ам.доллартой дүйжээ. Бас цайрын ханш гурав орчим хувиар нэмэгдэн 3000 “ногоон”-д хүрэв.