Засгийн газраас С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргаж, УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Тус бичлэгийг үзсэн гишүүд олон нийтэд үзүүлэх хэрэгтэй хэмээцгээж байсан бол прокурорын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээж, хууль бус дэглэлт, хүч хэрэглэж буй бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй хэмээн үзжээ. Үүний дагуу сэжигтэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих өрөөнд дэглэж, хүчээр ял тулгаж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин сэтгүүлчдийн баримт дээр тулгуурлах, мэдэх эрхийг хангаж ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн Төрийн ордны Иргэний танхимд 27 минут 8 секундын бичлэгийг хаалттайгаар үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны есдүгээр сарын 01-нээс 7-ныг хүртэлх нийт зургаан өдрийн камерын бичлэгийг хураангуйлан үзүүллээ. Үүнээс цааших нь хүний ёсноос гажууд, зүй бус зүйлс байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Харин энэ үеэр камерын бичлэг хийж, зураг авахыг хориглоно. Тэр ч бүү хэл бал, дэвтэр барьж орохыг ч хориглолоо.
Тус камерын бичлэг дээрх үйл явдал Төв аймгийн хорих ангийн хоёр давхар байшингийн зоорийн давхарт болсон бөгөөд Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нийт 276 хоног эрүүдэн шүүжээ. Тодруулбал, стандартын шаардлага хангаагүй, ямар ч агааржуулагч, цонх, бие засах газар байхгүй дөрвөн ортой жижиг умгар өрөөнд Б.Содномдаржааг хорьж, түүн дээр онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Т.Амгаланбаатар болон хүн амины хэргээр ял авсан ялтан "И", ШШГЕГ-ын ажилтан "Б" нарыг ээлжлэн оруулж, хэргээ хүлээхийн тулган шаардаж, зодож, дэглэж байсан үйл явц камерын бичлэгт үлджээ. Энэ үеэр Т.Амгаланбаатар "Чи "Паар"-ыг шатааж, С.Зоригийг алсан биз дээ. Би хамт байсан биз дээ. Чамаас болж энэ бүгчим өрөөнд баймааргүй байна" гэх мэтчилэн эрүүдэн шүүж байсан бол Т.Содномдаржаа "Би тийм зүйл хийгээгүй, Би хүн алаагүй. Тийм байж яаж хэрэг хүлээх юм бэ. Чи таван настай байхдаа намайг ах аа гээд л гүйдэг байсан биз дээ" хэмээж байсан бөгөөд тус эрүү шүүлтийн явцад Содномдаржаагийн хавирга хугарсан байсан нь тогтоогдсон байна. Амгаланбаатарт зодуулж, тарчлуулж байсан Содномдаржаа есдүгээр сарын 06-ны өдөр ялтны дүрд хувилсан ШШГЕГ-ын ажилтанд мөн л зодуулж, дэглүүлнэ. Түүнд хэргээ хүлээхийг шаардаж, үснээс нь зулгааж, хажуу хавирга руу нь зодох нь энүүхэнд. Энэ тамлалт хоёр цаг орчмын хугацаанд үргэлжилсэн юм.
Харин Т.Чимгээгийн хувьд тус оны есдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө буюу шөнийн 23-аас 00 цагийн хооронд цээж нүцгэн Т.Амгаланбаатарыг оруулж, 40 орчим минутын турш хэргээ хүлээхийг тулгаж, дарамталж байжээ.
Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж буйгаар Т.Амгаланбаатар болон хүн амины хэргээр ял авсан ялтан "И" нар нь камерын өрөөнд байх явцдаа гаднаас тусдаа хоол авчруулж идэж байсан бол Содномдаржаад хоёр өдрийн турш цагаан будаа өгсөн байна. Ингэх явцад түүний хоолонд мансууруулах үйлчилгээтэй бодис хольсон байж болзошгүй бөгөөд түүнийг идсэн Содномдаржаагийн бие илтэд эвгүйрхэж, эргэлтээр ирсэн эхнэр, дүү хоёроо ялгаж чадахгүйд хүрээд байсан хэмээн онцоллоо.
Уг бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулт өглөө.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Би өмнө нь Содномдаржаа, Чимгээ нарын ээж, ар гэрийнхнээс уучлалт хүссэн бол өнөөдөр эхнэр, хүүхдүүдтэй шатаж нас барсан "Паар" гэгч Б.Отгонбаатарын ээжээс уучлалт гуйж байна. Энэ гурвын ээж бүгд 80 нас зооглосон буурайнууд байдаг. Үхтэл үр харам гэдэг үг бий. Тэднийг амь сэрүүнд нь хүүхдүүдийг нь алуурчин биш гэдгийг нь мэдрүүлэхийг хүссэн юм. Би энэ асуудлыг ярьж эхэлснээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрлөө.
Паар хочит Б.Отгонбаатар нь 1997 онд цэрэгт татагдаад, 1998 оны тавдугаар сард халагдсан. Түүнийг хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Тэр залуу "1998 оны арванхоёрдугаар сард Амгаланбаатар бид хоёр Паар ахынд хамт архи уусан. Энэ үед Амгаланбаатар согтсоныхоо дараа танхайрсан. Ингэхдээ захиалагчаасаа мөнгө авчихаад, энгэрээсээ багсайсан мөнгө гаргаж ирээд Паар ахын хоёр хүүхдэд тус бүр нь 5000 төгрөг, эхнэрт нь 30 мянган төгрөг өгсөн" гэсэн мэдүүлэг өгсөн нь шүүхийн протоколд бий. Гэтэл түүний ярьсан зүйл худлаа болох нь баримтаар нотлогдсон. Учир нь Б.Отгонбаатарын том хүүхэд 1999 оны арваннэгдүгээр сарын 9-нд, хоёр дахь хүүхэд нь 2002 оны зургадугаар сард төрсөн. 1998 онд ямар ч хүүхэд байгаагүй байх нь.
Гурван шатны шүүхээр Б.Отгонбаатар нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь С.Зоригийн амь насыг шунахайн сэдэлтэй захиалгаар хороосон болох нь тогтоогдов гээд дүгнэчихсэн.
Ер нь энэхүү тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Эхлээд 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа хийгдэж, Содномдаржаа, Чимгээ нарт АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хэрэг нь тагнуул дээр, ажлын хэсэг нь прокурор дээр байсан. Гэтэл АТГ гээд харъяаллын бус газар ажиллагаа явуулж, нэг жил орчмын хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр Содномдаржаа, Чимгээгийн утсанд Амгаланбаатар гэдэг хүнээс олон мессеж ирсэн.
2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 40 хоногийн дараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хориод есдүгээр сараас хүн оруулж тамлуулсныг та бүхэн нүдээрээ үзсэн. Шийтгэснийхээ дараа аль алиныг нь Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. Прокурорын зөвшөөрөлгүй хүн оруулаагүй, ээжийг нь ч уулзуулалгүй буцаасан байсан.
Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй" гэв.
-Тагнуулын ажилтан хэлэхдээ бичлэгийг сэргээж байгаа гэсэн. Тэгвэл камерын бичлэг хаана үлдсэн, хэрхэн устгасан, яаж сэргээсэн юм бэ?
-Би мөрдөн байцаалтын ажиллагааны нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн бичлэг. Өөр хаана ч байхгүй. Үүнийг хэн ч зохиож, монтажилж чадахгүй. Энэ нь ийм зүйл болж байхад камерын бичлэгийг хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхгүй болчихсон. Цагдан хорих байрны дарга, төлөөлөгч хоёр хоолыг нь өгөөд л гарна, харьцах ямар ч боломжгүй байсан. Шөнө тагнуулынхан шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад 23 цаг 35 минутад Чимгээгийн өрөөнд цээж нүцгэн ялтныг оруулсан.
-Содномдаржаагийн эхнэр Амгаланбаатар гэдэг хүн "Чи хоолоо идэж байна уу. Би чамайг харж байна шүү. Хүүхдүүд чинь хажууд чинь сууж байна" гэсэн мессежүүд их ирсэн гэж ярьж байсан. Хэн мессеж бичээд байдаг байсан юм бэ?
-Амгаланбаатар өөрөө их тамлуулж байж мэдүүлгээ өгсөн. Майнтын чанга дэглэмд ял эдлэж байхдаа Архангай аймгийн Цэнхэрийн голд 2003 онд нас барсан гурван хүний хэргийг хүлээсэн нь худлаа болох нь тогтоогдсон. Үүний дараа Говьсүмбэрийн чанга дэглэм рүү шилжүүлсэн. 2014 оноос тухайн мессежүүд цувж эхэлсэн. 2008 оноос хоригдсон учир би гар утас ашиглаж чаддаггүй гэж хэлдэг. "Намайг Чимгээ, Содномдаржаа нартай утсаар яриулж, миний хажууд мессэж бичээд сууж байдаг байсан. Юу бичсэнийг нь би мэдэхгүй" гээд байгаа. Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тухайн мессежүүдэд үгийн ганц ч алдаа байхгүй, дан кириллээр бичигдсэн байсан.
-Хэчнээн хорих байр стандартын шаардлага хангаагүй байдаг вэ?
-Одоо бараг шинэ хорих анги байхгүй байх. Гэхдээ бүгд хяналтын камертай. Ийм зүйлд оруулахгүйн тулд 2000 оноос хойш ашиглагдахаа больсон зоорийн өрөөг зориудаар урьдчилж бэлтгэж, тагнадаг төхөөрөмжүүдээ суурилуулсан. Тэр ажлыг ТЕГ-т ахлах дэслэгч цолтой байж байгаад гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа цол авсан хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан тухайгаа ярьсан. Гэтэл сая тэр хүнийг хорих, цагдах асуудал яригдсан чинь прокурорууд нь хамгаалаад сулласан. Ер нь энэ ажиллагааг нууцлах, далдлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Үүний нэг нь хотын прокурор н.Баярмагнай юм. Мөн гүйцэтгэх, мөрдөх, хянах, шүүхээр яллах гэх дөрвөн ажиллагааг Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат удирдсан.
-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?
-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж бий. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаарх худлаа юмнууд зөндөө байна. Нэг бол цаасан дугтуйтай мөнгө, нэг бол чемодантай болж хувирч байна. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуудаггүй, нүүрэлдүүлдэггүй. Учрыг нь олохгүйгээр хүчээр тулгаад яллачихсан. Захиалагчаас авсан мөнгөний тодорхой хэсгийг Нэргүй гуайн дүүгийнд энгэрээсээ гаргаж ирсэн гэж худлаа ярьсан биз дээ. Гол ажиллагааг зохион байгуулсан Г.Эрдэнэбат прокурорыг зайлуулж байх шиг байна.
-Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнд хариуцлага тооцох уу, эсвэл зүгээр ингээд орхих уу. Мөн Б.Хурц гэдэг хүн яах вэ?
-Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж бүх ажлыг зохион байгуулсан.
-С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүний хуулийн байгууллагад шалгагдаж байгаа статус нь юу юм бэ. Хохирогч юм уу, эсвэл яллагдагч юм уу?
-Булганы хувьд би өөрөө ч ойлгохоо байсан. Анх хохирогч байснаа, дараа нь сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа гуравхан удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь Булганыг суллачихаад, шүүх хуралд оруулалгүй, дээр үед өгсөн ам зургаар нь дээрх хүмүүсийг шийтгэсэн.