Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн сургуулийн багш оюутнууд, “Дезерет” Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой нь тогтоогджээ. Энэ нь түүхий нүүрсний хэрэглснээс бага зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой аж. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж байна. Эдгээрийг Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жил туршиж үр дүнг нь Монгол Улсын Засгийн газарт танилцуулна гэдгээ төслийн ахлагч Бримин Янгийн Их Сургуулийн профессор Брайн Маззе хэлэв. Хэрэв эдийн засгийн хэмнэлттэй байж, агаарын бохирдлыг бууруулж, түүхий нүүрсний хэрэглээг халахад бодитой хувь нэмэр оруулах нь нотлогдвол ихээхэн баяртай байх болно гэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүн бүрийн оролцоо нэн чухал. Тавдугаар 15-ны өдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон энэ үед дэвшилтэт технологи, шинэ санаачлагыг танилцуулж байгаад талархалтай байна. Үр дүнтэй нь нотлогдвол дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв