С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай байдлаар өнөөдөр үзүүллээ. Үүний дараагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бичлэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сэтгүүлч та бүгдийг ямар нэгэн байдлаар ойлгосон байх гэж найдаж байна. Гэртээ эхнэр хүүхэдтэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатар гэдэг залуугийн ээж, ах, гэр бүлээс нь Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлалт гуйж байна. Нэргүйгийн ээж нь 80 гарчихсан хүн байгаа. Энэ асуудлыг сонссоноос хойш гурван удаа ойр ойрхон эмнэлэгт хэвтсэн. Эрдэнэтийн тагнуул дээр аваачиж тэр хөгшинийг өдөржин байцааж суулгасан. Мөн Т.Содномдаржаагийн ээж 77 настай н.Жазмаа хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Түүнчлэн Т.Чимгээгийн ээж нь 80 гарчихсан эмгэн байгаа. Энэ гурван хөгшнийг амьд байх хугацаанд нь хүүхдүүд нь алуурчин биш шүү гэдгийг би ойлгуулчихыг зорьж байна.
Энэ тамлах ажиллагаа 3 үе шаттай явагдсан. 2013 оны 8 сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Чимгээ, Содномдаржаа нарыг харьяаллын бус АТГ-т аваачиж, гүйцэтгэх ажил явуулсан.
Тэгж тэгж явсаар шийтгүүлснээс хойш энэ гурван хүнийг Ганц худагийн хамгийн чанадад, хүн оруулж болохгүй газарт хорьсон. Чимгээгийн ээжийг эргэлтээр очиход оруулаагүй. Нэгэнт ял шийтгэгдсэн хүнд хуулийн хугацаа нь болсон бол эргэлт оруулах ёстой. ШШГЕГ-ын сервэрээс сэргээсэн бичлэг. Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч монтажилж чадахгүй. Монголд ШШГЕГ гэж байхгүй болсон гэв.
Ер нь энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс бол 4-5 прокурор. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, зохион байгуулах тэр бүх ажлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат хариуцаж ажилласан. Нэг хүн энэ бүх шат дамжлагыг хариуцдаггүй хуулийн зохицуулалттай. Прокурор хавтаст хэргийг АТГ-т шилжүүлэх ёстой, тэгж байж шалгана. Прокурор материалыг өгөхгүй байгаа.
Хилс хэргийн асуудал яригдаж эхэлсэн учир АТГ энэ асуудлыг шалгаж байгаа. Прокурор хавтаст хэргийг АТГ-т шилжүүлэх ёстой, тэгж байж шалгана. Прокурор материалыг өгөхгүй байгаа. Би ийм этгээдүүдийг үтэр түргэн прокурорын байгууллагаас цэвэрлэх ёстой. Гэхдээ прокурорын байгууллага бүхэлдээ ийм болчихсон юм биш. Нийслэл, улсын прокурорт байсан 4-5 хүн. Гол зохион байгуулагч Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр зайлж байх шиг байна.
“Бүх зүйл илэрхий боллоо, одоо энэ хүмүүсийг хурдан сулла гэж хэлсэн. энэ хүмүүсээс бүр гуйж үзсэн. Зарим нь миний удирдлагад ажиллаж байсан. Эд нар шийдэхээ хүрвэл ямар ч асуудлыг өдөрт нь шийдэж чаддаг. Энэ асуудал тодорхой болсноос хойш 10 гаруй хонож байна. Нэг өдөр ч гэсэн хугацаа хожих гээд яваад байна.
Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан" гэлээ.