Газын зурвасын эрх баригч ХАМАС хөдөлгөөний удирдагч Исмаил Хания төв байрныхаа нуранги дээр очиж, үг хэлсэн тухай Палестины мусульманчууд мэдээллээ. Тухайлбал, “Эсэргүүцэгч үгээ хэлж, үүнийг нь түрэмгийлэгч ойлголоо” гэж И.Хания хэлжээ. Израилын нисэх хүчний даваа гаргийн бөмбөгдөлтөд өртсөн төв байрыг сэргээн засахаа тэрбээр амласан байна.
Түүний хэлснээр уг байр эсэргүүцлийн хүчний тэсвэр, тэвчээрийн бэлгэ тэмдэг боллоо. Израилтай хийсэн сүүлийн зэвсэгт мөргөлдөөнөөс хойш тэрбээр анх удаа олны өмнө гарсан нь энэ аж. Тодруулбал, даваагаас пүрэв гаргийн өглөө хүртэл талууд харилцан пуужин харваж, их буугаар гал нээжээ. Израилчууд тус зурвасын хил дээр их хүч хуримтлуулсан хэвээр байна.
ХАМАС хөдөлгөөний барилгуудад өгсөн сүүлийн цохилт 2014 оны зунаас хойш явуулсан цэргийн ажиллагааны хамгийн хүчтэй нь байлаа гэж Израилын Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху хэлжээ. Даваа гаргийн өглөө Палестины талаас харвасан пуужин Израилын орон сууцанд туссаны улмаас долоон хүн шархадсанаар мөргөлдөөн эхэлсэн байна.
Газын зурвасыг бөмбөгдсөний хариуд ХАМАС хөдөлгөөнийхөн Израилын өмнөд нутгийн хилийн бүс нутаг руу тийрэлтэт сум харвасан аж. Өнөөдөр болон маргааш Газын зурвасын хил дээр палестинчууд олноороо оролцсон жагсаал болох гэнэ. Өөрөөр хэлбэл, “Буцах их аян”-ы нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиох юм. Өнгөрсөн онд болсон, эсэргүүцлийн эл жагсаал Израилын цэргүүдтэй цус асгаруулсан мөргөлдөөн болж өргөжсөн билээ. ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн И.Хания Иордан голын Баруун эрэгт болон хилийн чанадад байгаа палестинчуудыг “Нэг саяын аян”-д оролцохыг уриалжээ.