Өчигдөр Британийн нийтийн танхим Европын Холбооноос (ЕХ) гарах хэлбэрийн асуудал дээр гацаанд ороод байгаагаа дахин нотоллоо. Энэ удаа парламентын гишүүдийн өөрсдийнх нь боловсруулсан “брекситын” гэрээний ЕХ-с ямар нэгэн гэрээ хэлцэлгүй шууд гарахаас авахуулаад “брекситыг” хойшлуулахыг хүртэл багтаасан найман янзын хувилбарын аль нь ч олонхын саналыг авч чадсангүй. ЕХ-той хийх гэрээг бүх нийтийн санал асуулгаар оруулах санал бусад хувилбаруудаасаа харьцангуй дэмжигджээ. Тус танхим ирэх Даваа гарагт “брекситыг” олонхоороо хүлээн зөвшөөрөх боломжтой хувилбарыг үргэлжлүүлэн хайх төлөвлөгөөтэй байна. Уг саналыг дэвшүүлсэн депутат Оливер Летвин ирэх даваа гарагт танхим өчигдрийн хэлэлцсэн хувилбаруудаас арай илүү санал авсан 2-3 гэрээн дээр төвлөрөн хэлэлцэж нэгийг сонгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэвч парламент нэгдсэн саналд хүрлээ гээд Засгийн газарт тулгах эрхгүй ажээ. Хэдий тийм ч парламентын олонх дэмжсэн “брекситын” гэрээний хувилбарыг Засгийн газар хүлээн авах шаардлагатайг ойлгоно гэдэгт танхимын гишүүд найдаж байгаа аж. Харин энэ үеэр Британийн Засгийн газрын тэргүүн Тереза Мэй хэрэв танхимын гишүүд өмнө нь хоёр удаа буцаасан “брекситын” гэрээг баталсан тохиолдолд л огцрох өргөдлөө өгнө гэдгээ өөрийн намын гишүүдэд амлажээ.