Засгийн газраас байгуулсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусжээ. Шинэ сан байгуулах хуулийн төслөө хэзээ мөдгүй УИХ-д өргөн барих гэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Д.Сумъяабазарын анхлан “барьж авсан” ажлын нэг нь энэ.
Анх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг түшиглэж, Баялгийн сан байгуулахаар зэхэж байсан бол бодлогоо өөрчлөн “Эрдэнэс Монгол” руу шилжүүлсэн юм. Тэгэхээр Баялгийн шинэ санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулна. “Эрдэнэс Монгол” нь стратегийн 16 ордод төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан компани. Тиймээс Баялгийн шинэ сангийн орлого стратегийн ордуудын өгөөжөөс бүрдэнэ гэсэн үг. Шинэ гэж тодотгоод байгаа нь учиртай. Өмнө нь стратегийн ордуудад тулгуурлан, Хүний хөгжил санг байгуулж байсан. Уг нь энэ нь нэг хэлбэрийн баялгийн сан юм. Гэвч санд төвлөрүүлсэн хөрөнгийг иргэдэд бэлнээр тараагаад, эцэстээ сангаа алдагдалд оруулаад татан буулгасан. Ажлын хэсгийнхэн энэ алдааг давтахгүй байх хуулийн төсөл боловсруулахаар маш нарийн судалгаа хийснээ тайлбарласан. Шинээр мэндлэх хуулийн төсөл Монголын хөрсөнд буусан, нэлээд чамбай болсныг эх сурвалж дуулгалаа.
Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулийн төслийг боловсруулахдаа уг заалтыг үндэс болгожээ. Баялгийн сан нь байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн агуулгыг хэрэгжүүлэх “гүүр” юм. Баялгийн сангийн тухай хуулийн зорилгыг “Ажилтай орлоготой Монгол иргэнийг дэмжих замаар нийгмийн дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх” гэж томьёолжээ. Баялгийг нь иргэний амьдралд хүргэнэ гэсэн санаа уншигдаж байгаа биз. Түүнчлэн “Сангийн язгуур ашиг сонирхол нь нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтийг дэмжин сайжруулах, компанийн стратегийн ордуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, цалингийн түвшнийг өсгөх замаар тогтвортой амьжиргааг бий болгож иргэдэд өгөөжийг урт хугацаанд хүртээхэд оршино” гэж тодорхойлсон байв.
Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр орлогоо зөв зарцуулах, хойч үедээ хэрхэн өвлүүлэх талаар толгойгоо гашилгадаг. Хөгжил буурай орнууд нь байгалийн баялгаас олсон орлогоороо эдийн засгийн бусад салбараа хэрхэн дэмжих, улс орныхоо хөгжилд яаж үр ашигтай зарцуулах вэ гэж бодлогоо уралдуулдаг. Тэд өнөө цагт Баялгийн сан байгуулан тулгарсан асуудлаа шийджээ. Энгийнээр тайлбарлахад Баялгийн сангууд орлого төвлөрүүлж, хуримтлал үүсгэх, түүнийгээ өсгөх, тодорхой хэсгийг нь тухайн улс орныхоо иргэдийн сайн сайхны тулд зарцуулах гэсэн ерөнхий зарчмаар ажиллаж байна.
Манайд улсад 2008 оноос хойш уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн. “Эрдэнэт үйлдвэр” гэсэн ганц том уурхай байсан бол улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулдаг “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” гэх дэлхийд данстай компани сүүлийн 10 жилд бий боллоо. Үүцийг нь задалж амжаагүй орд газрууд ч өчнөөн байна. Тиймээс Монголын эдийн засгийн хөгжил байгалийн баялгийн ашиглалттай нягт уялдаатай юм. Иймээс бид газрын хэвлийн шавхагддаг баялгийн өгөөжийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ, тодорхой хэсгийг нь хойч үедээ яаж үлдээх вэ гэж бодох учиртай. Баялгийн шинэ сан байгуулах хуулийн төсөл зэхсэн нь байгалийн баялагтай бусад орны жишгээр асуудалд хандаж буй “дүр зураг” юм. Баялгийн сангийн шинэ хувилбар “мэндлэх”-ээр айсуй.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.СҮНДЭРЪЯА: Эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлж, тогтвортой амьжиргааг бий болгоно
“Эрдэнэс Монгол” компанийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяатай ярилцлаа.
-Дэлхий нийтэд Баялгийн сангийн ямар хэлбэр, загвар идээшиж байна вэ?
-Баялгийн сангийн талаар хүмүүс нэлээд ярьж байна. Баялгийн сангийн суурь ойлголт бидний бодож байгаагаас хол хөгжжээ. Арабын орнууд газрын тос олборлож, их орлого олсон. Үүнийгээ эдийн засаг нь шингээж чадахгүй болсон юм. Ингээд тэд 1950-иад оны дунд үед илүүдэл хөрөнгөө банканд байршуулан, иргэддээ өгөөж хүртээх боломжийг олж харсан. Ингэж дэлхийн анхны Баялгийн сангууд байгуулагдсан түүхтэй. Баялгийн сангийн төрөл нь тухайн орныхоо хөгжлийн түвшинтэй уялддаг нь анзаарагддаг. Дэлхийд таван төрлийн баялгийн сан байна. Эдгээрийг тогтворжуулалтын, валютын нөөцийн хөрөнгө оруулалтын, хадгаламжийн, хөгжлийн, тэтгэврийн нөөц сан гэж ангилдаг. Дэлхийд Баялгийн 120 сан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь нийт 11 их наяд ам.доллар удирдаж байна. Баялгийн сангууд ашигт малтмалын экспортын орлого, татвараас, санхүүгийн илүүдэл, Төвбанкны нөөц, өмч хувьчлалаас хөрөнгөө бүрдүүлдэг. Баялгийн сангууд төрийн мэдлийнх байдаг, улсынхаа макро эдийн засгийг дэмждэг, байгалийн баялгаас орлого төвлөрүүлдэг, түүнээсээ иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилдаг гэсэн дөрвөн шинжийг агуулж байгаа юм.
-“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулах гэж буй Баялгийн сангийн төрөл ямар байх вэ?
-Колумбийн их сургуулийн профессор Эндрю Энг Баялгийн санг сайн судалсан. Түүнээс бид хуулийн төсөлдөө зөвлөгөө авсан. Эндрю Энг орлого тогтвортой байх, урт хугацааны нэгдмэл бодлого ба хариуцлага бий болгох, зөв засаглалын бүтэц буюу гүйцэтгэлийн үр ашиг, үйл ажиллагааны тогтвортой байдал гэж Баялгийн сангийн хөгжлийн дөрвөн үе шатыг тодорхойлсон байдаг. Түүний судалгаанаас харвал манайд Баялгийн сан хөгжлийнхөө гурав, дөрөвдүгээр үе шатанд явж байна. Хөгжлийн үе шатуудаа дамжин урт хугацаанд өсөн нэмэгдэх нөөц бүрдүүлж чадсан тохиолдолд санд үйл ажиллагааны тогтвортой байдал бий болно. Монгол Улсын хувьд энэ төрлийн, иргэддээ орлогоос нь өгөөж хүртээх зорилго бүхий сангуудыг үүсгэн байгуулсан туршлага бий. Жишээ нь, Хүний хөгжил санг байгуулсан. Гэвч орлого бүрдүүлж чадалгүй татан буулгасан. Энэ бол бидний сургамж.
Баялгийн сангууд нэгдүгээрт, макро эдийн засагт үүсэх халалт, гадаад, дотоод цочирлоос хамгаалан тогтворжуулах, хоёрдугаарт, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэн хойч үед тодорхой хувийг нь үлдээх, эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийх, гуравдугаарт, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил, байгалийн баялгаас бусад эдийн засгийн төрөлжилтөд анхаарах гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай сан ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжлөө сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр ажиллах бодлогын шийдэлд хүрсэн. Баялгийн сангууд төвлөрүүлсэн орлогоо мөнгөн хөрөнгө, түүнтэй адилтгах зүйл, тогтмол орлоготой үнэт цаасанд хөрөнгө оруулж байна. Мөн олон улсын болон үндэсний компаниудын хувьцааг худалдаж авдаг. Бас хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцээс гадна бусад салбарт хөрөнгө оруулж байгаа. Манай байгуулах Баялгийн сан орлогоо уул уурхай дагасан дэд бүтэц болон эдийн засгийн төрөлжилтийг дэмжих бусад салбарт хөрөнгө оруулж, арвижуулах зорилго тавьсан.
-Баялгийн сан орлогоо хэрхэн төвлөрүүлэх вэ?
-Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж буй стратегийн ордуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хоёрдугаарт, стратегийн ордыг ашиглаж буй төрийн өмчит компаниудын ногдол ашиг, гуравдугаарт, орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсэг, дөрөвдүгээрт, санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасны орлого, тавдугаарт, хөрөнгө оруулалтаас олох цэвэр ашгаас төвлөрүүлнэ. Эдгээрээс хамгийн найдвартай орлого төвлөрүүлэх нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Дэлхийд Баялгийн санг саяхныг хүртэл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар томьёолоогүй байсан. Сантьягогийн конвенцыг 2008 онд баталсан.
Энэ конвенцод Баялгийн сан бүхий 34 орон нэгдээд, 24 зарчим, практикийг нь мөрдөхөөр болсон юм. Уг конвенцод Баялгийн сан нь Засгийн газрын мэдэлд байдаг тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын сан гэж томьёолсон. Сан байгуулахдаа хэлбэрээ зөв тодорхойлох, орлогын тогтвортой эх үүсвэрээ бий болгох ёстой. Мөн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн бичиг баримт аль болох тодорхой бөгөөд товч байх хэрэгтэй. Санг удирдаж байгаа компанийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоог хангах ёстой юм. Баялгийн сан байгуулах нь зөв гэж Засгийн газраас үзээд, 2018 оны дундаас судалгааны ажлаа эрчимжүүлсэн. Өмнө нь “Эрдэнэс Монгол” компани 2013 оноос төрийн өмчит компани, Баялгийн сангуудын талаар судалж эхэлсэн. Гадаадын зарим сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.
Дэлхийн томоохон судлаачидтай очиж уулзлаа. Ерөнхийдөө сан байгуулах суурь судалгааг маш сайн хийсэн гэж бодож байна. Суурь судалгааг цогцоор нь хийгээд, түүнийгээ дүгнэн шинжлээд, эцэст нь Монгол Улсад ийм сан байгуулах хэрэгтэй гэсэн “зураг” гаргах ёстой. Ингээд ажлын хэсгийнхэн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, санхүүгийн боломж чадавх, эрх зүйн орчинд тулгуурлан, холбогдох судалгаа шинжилгээнд үндэслээд Баялгийн сангийн эхний загварыг боловсрууллаа. Нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийн төслөө Сантьягогийн конвенцын зарчимд тулгуурлан боловсруулсан. Энэ конвенц дэлхийн Баялгийн 120 сангийн алдаа, оноо, туршлагад үндэслэж гарсан баримт бичиг учраас хуулийн төсөлдөө бүрэн шингээхгүй бол олон улсын жишигт ойртохгүй. Хоёрдугаарт, уул уурхайн орлогоос эх үүсвэртэй тусгай сангийн эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийсэн.
Гуравдугаарт, Монгол Улс дахь тусгай сангуудын эрх зүйн байдал, тулгамдсан асуудалд гадаад, дотоод орчны шинжилгээ хийлээ. Мөн Баялгийн сангуудын харьцуулсан судалгаа хийсэн. Ингээд Монголын Баялгийн сан нь эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий улс орны урт хугацааны бүтээмжийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан байна гэж томьёолсон. Тусгайлсан зорилгын тухайд бол хатуу болон зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулна, аж үйлдвэрийн бодлогыг дэмжинэ. Мөн олон төрөлт эдийн засгийг дэмжинэ гэж үзэж байна. Сангийн ерөнхий стратегийг маш сайн анхаарсан. Ингээд ерөнхий стратегийг боловсруулан, түүнийгээ хэрэгжүүлэх бизнесийн загварыг гаргасан. Уг загварыг ажиллуулах сангийн үйл ажиллагааны загварыг мөн гаргалаа. Энэ гурван баримт бичиг зөв гарч байж, орлого болон түүнийг удирдах засаглалын бүтэц тогтвортой байна.
-Сангийн бүтэц ямар байх вэ?
-“Эрдэнэс Монгол”-ын охин компаниудаас ирэх үр өгөөж урт хугацаанд тогтвортой байх боломж бий. Манай охин компаниудын орлого Баялгийн сангийн хөрөнгө хэлбэрээр төвлөрнө. Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компани хариуцан хэрэгжүүлнэ. Орлогын төсөөлөл хийхдээ “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон. Ингэхэд эхний 10 жилд 44 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой нь харагдлаа. “Эрдэнэс Монгол” Баялгийн сангийн хөрөнгийг удирдсанаар биежсэн институтийн дор байгуулбал илүү үр дүнтэй гэсэн олон улсын жишгийг хангаж байгаа юм. Баялгийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайдыг ажиллуулахаар төсөл боловсруулсан. Ингэвэл Ерөнхий сайдын улс төрийн нэр хүнд өснө. Мөн иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн практик юм. Гадаадын томоохон Баялгийн сангуудын удирдлагыг тухайн орны Ерөнхий сайд нь хэрэгжүүлж байна.
-Баялгийн сангаас иргэдэд мөнгө хуваарилах уу?
-Иргэдэд шууд болон шууд бус, дам гэсэн гурван хэлбэрээр өгөөж хуваарилахаар төлөвлөсөн. “Эрдэнэс Монгол” компани хоёр төрлийн хувьцаатай. Энгийн хувьцааг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Монгол Улсын харьяаллын зөрчилгүй иргэн бүр “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг эзэмшиж байгаа. “Эрдэнэс Монгол” ашигтай ажиллаад, ногдол ашиг тараах боломж нь бүрдвэл давуу эрхийн хувьцаандаа ногдол ашиг тараана. Үүнийг сангаас шууд хишиг, хувь хүртэж буй хэлбэр гэж үзэж болно. Харин хуулийн төсөлд сангийн орлогоос шууд бэлэн мөнгө тараахыг хориглосон заалт оруулсан. Сангаа хуулийн этгээд хэлбэрээр байгуулахгүй. Монголбанкны тусгай дансанд байрших хөрөнгө хэлбэртэй байхаар томьёолсон. Санд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулахыг Засгийн газар шийдээд, гүйцэтгэлийг “Эрдэнэс Монгол” компани хийгээд явах юм.
Шууд бус өгөөж гэж “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг хэлж буй хэрэг. Дам нөлөө гэж уул уурхайн төслүүдийн нөлөөгөөр бий болсон ажлын байр бөгөөд иргэд ажил, орлоготой болох, цаашлаад тогтвортой амьжиргааг дэмжих замаар иргэд сангаас ашиг хүртэхийг хэлж байгаа. Бэлэн мөнгө тараахаас аль болох зайлсхийнэ. Хуримтлал бий болгоно. Ирээдүйн иргэдэд баялгийн тодорхой хувийг үлдээнэ гэсэн гурван зарчим Баялгийн сангийн хуульд бүрэн суусан. Эцэст нь хэлэхэд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудаас хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах үндсэн зарчмыг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засгийн бүтэц төрөлжиж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн хөгжил сайжирч, үр ашиг, бүтээмж дээшилж, улмаар иргэдийн ажлын байр нэмэгдэн, эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой өсөхөд шууд нөлөөлнө. Энэ нь бодит цалинг өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргаанд шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Ашигт малтмалын нөөц ихтэй, уул уурхай эдийн засгийнх нь тэргүүлэх салбар болсон улс бүр баялгийн хараал хүрдэггүй, баялгаа балаг болгоогүйг Норвег, Чили, Арабын Нэгдсэн Эмират, Зүүн Тимор зэрэг улсын туршлагаас харж болно. Тэдний нууц нь Баялгийн сандаа ашигт малтмалынхаа орлогоос тодорхой хувь хэмжээгээр байршуулан, түүнийгээ арвижуулдаг явдал. Түүхий эдийн экспортоос олсон орлогоо оновчтой удирдан, өнөөдрийнхөө хэрэгцээг хангахаас гадна хойч үедээ хуримтлал үлдээхийг зорьсон өөр улс орон цөөнгүй. Тэд Баялгийн санг эдийн засаг, төсвийн тогтвортой байдлаа хангах зорилгоор байгуулдаг. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед төсөвт төвлөрөх орлогын тодорхой хэсгийг хадгалаад, үнэ буурсан үед хуримтлалаасаа авч, төсөвт оруулна. Энэ нь уул уурхайн их орлогыг дагаад төсвийн зарлага нэмэгдэх эрсдэлээс сэргийлэхэд ач тустай. Нөгөөтээгүүр, Тэтгэврийн даатгалын сан төсөвт их хэмжээний “ачаалал” өгөх үед Баялгийн сангийнхаа нөөцөөс зарцуулдаг байна.
Өдгөө Казахстан, Бруней, Кувейт, Сингапур, ӨАБНУ, Шинэ Зеланд, Вьетнам, Азербайжан зэрэг 49 улс ийм сантай болж амжжээ. Эрдсийн бүтээгдэхүүнд суурилсан хамгийн том Баялгийн сангийн нэгдүгээрт Норвегийнх бичигдэж буй. Үүний араас Саудын Араб, Кувейт, Катар, Алжир, Казахстан зэрэг орны сан эрэмбэлэгдэж байна.
Зэсийн нөөц ихтэй, ганц худалдан авагчтай гэдгээрээ Монголтой төстэй Чили улсыг эдийн засгаа төрөлжүүлэхэд нь нөлөөлсөн хоёр ч Баялгийн сангийн туршлагаас нь сонирхъё. 1970-аад оны дунд үе хүртэл тус улсын эдийн засгийн өсөлт саарч, зэс, молибден зэрэг цөөн нэр, төрлийн түүхий эдээс орлого нь ихээхэн хамаардаг, тэдгээрийн ханш савлахад төсвийн тогтвортой байдал нь алдагддаг байж. Товчхондоо, баялгийн хараал тусаад байжээ. Энэ тухайгаа өдгөө чиличүүд “Тэр үед бид нартай өдөр цатгалдаж, бороотой өдөр өлсдөг байлаа” хэмээн хошигнодог. Тэд улсын төсвийн орлогоо дунд, урт хугацаанд тогтворжуулах бодлогыг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж, нартай өдөр мөнгөө хуримтлуулж, бороотойд түүнийгээ хэрэглэх зарчим баримталж иржээ.
УХААЛГААР УДИРДДАГ
Чилид уул уурхайн салбараас нь төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос гадуурх төлөвлөгөөт бус орлогыг 1987 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1700 ам.доллар байх үеэс нөөцөлж эхэлжээ. Тэгвэл Төсвийн хариуцлагын тухай хууль баталж, Баялгийн сангийн тогтолцоог бий болгосон 2006 онд дээрх хуримтлал нь 14 тэрбум “ногоон”-д хүрээд байжээ. Тус улсын хоёр сангийн нэг нь Тэтгэврийн нөөцийнх. Төсвийн төлөвлөгөөнөөс давсан орлогоос ДНБ-ий 0.2-0.5 хувьтай тэнцэх хуримтлалыг уг санд заавал төвлөрүүлдэг аж. Нөгөөх нь Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан (2007 онд байгуулагдсан) агаад эдийн засаг нь хямарсан тохиолдолд л төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, улсын өрийг хугацаанаас нь өмнө бууруулахаас өөр зүйлд зарцуулдаггүй гэнэ. Эдгээр сангийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг Сангийн яам нь Төвбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг юм байна. Бүх хөрөнгийг нь Төвбанкан дахь Засгийн газрынхаа тусгай дансанд байршуулдаг бөгөөд олон улсын санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд (бонд, үнэт цаас зэрэг) оруулж, арвижуулдаг. Сангуудынхаа онцлогт тохируулаад хөрөнгө оруулалтын бодлогоо (богино хугацаатай, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэлд байршуулах уу, урт хугацаатай, өгөөж нь илүү хэрэгсэлд хөрөнгөө оруулах уу) тодорхойлдог аж. Хөрөнгөө олон улсын зах зээлд байршуулан, менежмент хийхдээ Төвбанк нь гадаадын менежерүүдтэй хамтрах тохиолдол бий бөгөөд тэднийг дөрвөн үе шаттай сонгон шалгаруулж, гэрээгээр ажиллуулдаг гэнэ.
Чилид мөнгө нь илүүдсэндээ, эсвэл дээд цэгтээ тултал хөгжсөндөө дотооддоо хөрөнгө оруулахгүй байгаа юм биш. Уул уурхайд ажиллах хүчний маш бага хувь нь ногддог төдийгүй үүнээс бусад салбараасаа олоогүй, “гэнэт” орж ирсэн хөрөнгийг дотооддоо “шингээж” чадах нь эргэлзээтэй, инфляц нь өсөж, эдийн засаг нь “халах” эрсдэлтэй учраас тэр гэнэ. Ерөөс зэс, молибдений борлуулалтаас төсөвт нь орох бодит орлогын 30 орчим хувийг хуримтлалын сандаа байршуулж, үлдэх хэсгийг нь санхүүжилтэд зарцуулж иржээ. Зарим жил зэсийн борлуулалтын орлогын дөрөвний гурвыг ч дээрх сандаа төвлөрүүлж, тэвчээр гаргасан байх юм. Иймээс ч хуримтлалын зарцуулалтдаа “харам” ханддаг гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, аль хэрэгсэлд хөрөнгө оруулахыг сайтар нягталдаг гэсэн үг.
САЙН ЗАСАГЛАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ ЧУХАЛ
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь “Баялгийн сангийн зорилго тодорхой байж, орлого, зарлагын болон хөрөнгө оруулалтын дүрэм, институцийн оновчтой бүтэц, ил тайлагнал, аудит, хараат бус хяналтын тогтолцоо гээд засаглалд нь анхаарах учиртай” гэв.
Өдгөө Чилийн Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сангийн хөрөнгийн 92 хувийг валют, тогтмол орлоготой хэрэгсэлд, найман хувийг нь хувьцаанд хөрөнгө оруулдаг гэсэн дүн бий. Тэгвэл Тэтгэврийн нөөцийн сангийн хөрөнгө оруулалтын 85 хувь нь валют, тогтмол орлоготой хэрэгсэлд, үлдсэн нь хувьцаанд ногдож буй аж. Чиличүүд ил тод байхыг эрмэлздэгийг үүнээс харж болно. Зарим оронд хөрөнгөө удирдахдаа гадаад менежерийг сонгон, хамтран ажилладаг байна. Шинэ Зеландад гэхэд сангийнх нь хөрөнгийн 76 хувийг гадаад менежерүүд удирдаж буй статистик гарчээ. Тэгвэл 1990 онд байгуулагдсан Норвегийн Баялгийн сангийн активын таван хувийг гадаадын менежерүүд удирддаг аж. Монголчууд хэдэнтээ очиж, туршлагыг нь сонирхсон уг санг анх 300 сая ам.долларын хөрөнгөтэй байгуулж байсан бол өдгөө дээрх тоо нэг их наяд ам.доллар давжээ. Сонирхуулахад, өндөр хөгжилтэй Норвег шиг орнууд баялгийн орлогоо бүхэлд нь санд төвлөрүүлэх нь ч бий. Өөр бас нүсэр гэж хэлж болохоор буюу 570 гаруй компанийг доороо нэгтгэсэн, Казахстаны “Samruk- Kazyna” сан таван их наяд гаруй тэнгэгийн (мөнгөн тэмдэгт нь) орлоготой ажиллаж чадаж буй. Тус улс Төрийн өмчийн хороогоо Баялгийн сан болгосон нь амжилттай ажиллаж буй ийм эерэг жишээ ч байна.
Харин засаглал, үйл ажиллагааны бүтэц, хяналтын тогтолцоо, мэргэжилтнүүдийнх нь ур чадвар муу, орлогын эх үүсвэр нь тодорхой бус, хангалтгүй, хөрөнгө оруулалтын хэрэгслээс олж буй хүүгийнх нь хэмжээнээс улсынх нь өрийн хүү өндөр гэх мэт шалтгаанаас болоод Баялгийн сан нь амжилттай ажиллаж чадаагүй жишээ бийг сануулахад илүүдэхгүй болов уу. Тухайлбал, ОХУ-ын сан хөндлөнгийн хяналтгүйгээр дотоодын компаниуддаа хөрөнгө оруулж, эрх баригчдыг дэмжих эх үүсвэр болсон, удирдлага нь авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байв. Науру улс 50 орчим жилийн өмнө фосфатын нөөцөө экспортлон, их хэмжээний орлого олж байжээ. Бүр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр бөмбөрцгийн орнуудын нэгдүгээрт бичигдэж байж. Гэвч байгалийн баялаг олборлосон газраа нөхөн сэргээгээгүй, иргэдийнхээ боловсролыг орхигдуулж, загасны аж ахуйгаа “мартаж”, орлогоо зөв удирдаж чадаагүйгээс иргэд нь эх орноосоо дайжих болсон харамсалтай түүх ч бий.
Баялгийн хараалаас тойрох хамгийн зөв хувилбар нь Баялгийн сан хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэдэг бөгөөд бие даасан, хараат бус үйл ажиллагаатай байхын чухлыг сануулсаар байна. Эдийн засгийн хүнд үе тохиовол үүц болгон ашиглах хөрөнгийг Баялгийн санд байршуулах нь зүйтэй. Үнэ нь байнга хэлбэлзэж байдаг ашигт малтмалаас олох орлого үргэлж цойлно гэдэгт итгэх хэрэггүй учраас тэр. Гагцхүү засаглал, ил тод байдал зэрэгт нь анхаарч, төсвийн оновчтой бодлоготой хоршиж байж л Баялгийн сан үр өгөөжөө өгдөг юм байна. Таваарын үнэ дээшлэхээр орлого нь өсдөг, буурахаар орлого нь хумигддаг “хувьсамтгай” эдийн засагтай байхаас сэргийлэхэд Баялгийн сангийн утга учир оршиж буй билээ.
БАЙР СУУРЬ
Баялгийн сан байгуулахын ач холбогдлын талаар болон ийм санг манай улсад хэрхэн ажиллуулбал үр дүнтэй байх тухай мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Төрийн өмчийн компаниудын ашгаас ч төвлөрүүлэхийг зорих хэрэгтэй
Л.ДАШДОРЖ (Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх асан):
-Хөрөнгө хуримтлуулж, баялгийн сан байгуулахын ач холбогдол нь ард түмнийхээ үе хооронд баялгийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, байгалийн шавхагдах нөөцийг санхүүгийн хуримтлал болгон хөрвүүлэх, баялаг дуусах үеийн орлогын алдагдлыг тухайн хуримтлалаараа нөхөх зорилготой. Хөрөнгө ихтэй сантай байснаар төсвийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Манай улсын Ирээдүйн өв санг баялгийн сангийн нэг хэлбэр хэмээн ойлгож цаашид тогтвортой ажиллуулах учиртай. Хуримтлалынхаа хэмжээг өсгөхийн тулд байгалийн баялгийн орлогоос гадна төрийн өмчийн компаниудын ашгаас ч хадгалж хэвших хэрэгтэй болов уу. Харин сангийн үйл ажиллагааг Засгийн газар бус бие даасан хуулийн этгээд буюу санхүүгийн корпорац удирдан, нөөцөлж буй хөрөнгөөс дотоодод хөрөнгө оруулахгүй, зээл авахгүй, олгохгүй, зээлийн батлан даалт гаргахгүй байвал зохино.
Дэлхийн зах зээлд зөв тоглох нь чухал
А.БИЛГҮҮН (MIBG үнэт цаасны компанийн захирал):
-Уул уурхайн салбарынхаа орлогоос хуримтлал үүсгэн сан байгуулж, хөрөнгийг нь урт хугацаанд зүй зохистой зарцуулахын үр өгөөжийг тоочоод барахгүй. Манай улсын хувьд хэрэгжүүлэх цаг нь ирсэн, зайлшгүй хэрэгтэй шийдэл юм. Харин тухайн санг сонгодог утгаар нь зохион байгуулах зорилго, чадвар, боломжийг эрэлхийлэх нь чухал. Товчоор хэлбэл, баялгаас олсон орлогоосоо гадаадын шилдэг, хүчирхэг компаниудад хөрөнгө оруулах, дэлхийн зах зээлд мэдрэмжтэй, “зөв” тоглох хэрэгтэй гэсэн үг. Удирдлагад нь аль болох олон орны мэргэжилтнүүдийг ажиллуулан, улмаар монголчуудаа туршлагажуулж, чадавхжуулах шаардлагатай. Түүнчлэн мэдээллийн ил тод байдлыг нь хангах үүднээс сангийнхаа зах зээлийн үнэлгээ, орлого, зарцуулалт, ашгийг нээлттэй байлгах, тодорхой хугацаанд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэх зэргээр үйл ажиллагааных нь явцад хийх ажлыг нямбай төлөвлөх нь зүйтэй.
Юуны түрүүнд засаглалаа сайжруулъя
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (СЭЗИС-ийн багш):
-Ер нь байгалийн баялаг ихтэй, түүнийгээ олборлож, ашиглан баялагт суурилсан эдийн засгийн өсөлтөөр “урагшилсан”, одоо ч хөгжиж буй орнуудад сан байгуулах шаардлага үүссэн. Баялгийн санг ирээдүйн хөгжилд учирч болзошгүй эрсдэлдүүдэд бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг ба хөрөнгө хуримтлуулах энгийн дүрэм бий. Энэ бол дэлхий нийтэд тогтсон сайн жишиг. Гэхдээ санг хэрхэн үр өгөөжтэй байлгах, хэн удирдах, хэзээ ашиглах, төвлөрч буй хөрөнгийн өгөөжийг яаж нэмэх вэ гэдэг нь манай улсын хувьд хамгийн ярвигтай асуудал. Монгол дахь улс төрийн намуудын өнөөгийн “өнгө”, улстөрчдийн төлөвшил, мэдлэг, ёс суртахууны түвшин, засаглалын чадамжаас харахад баялгийн сан байгуулж, уламжлуулах чадвар сул байна. Тиймээс юуны түрүүнд засаглалаа сайжруулъя. Түүний дараа дэлхий нийтийн жишгээр тухайн сангийн зорилгыг тодорхой байлгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадамжийг нь зөв тооцох, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зэрэг шалгуурт нийцүүлж ажиллавал болохгүй зүйлгүй.
Хангалттай ашиг олж байгаа, эсэхээ зөв дүгнэ
Н.ДОРЖДАРЬ (Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер):
-Байгалийн баялгаас олж буй орлогоосоо хуримтлуулах, үр хойчдоо үлдээх зорилгоор л сан байгуулж буй хэрэг. Одоогоор 50 орчим улсад 70 гаруй ийм сан байдаг юм билээ. Тэднээс үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулж, сахилга баттай байж, зөв ажиллан, хөрөнгийнхөө хэмжээг чамгүй өсгөсөн нь байна. Гэтэл бидэнд сан байгуулж, ашиглах, үр дүнг нь тооцсон тодорхой төсөөлөл, стратеги алга. Засгийн газар солигдохын хэрээр зохион байгуулалт, нэр нь өөрчлөгддөг. Одоогоор Ирээдүйн өв сан гэх хөрөнгийн өсөлт муутай, “цаасан” сан л байна уу даа. Аливаа санг тогтвортой, ашигтай ажиллуулахын тулд юуны түрүүнд макро эдийн засгийн бодлого, зорилтоо нарийн тодорхойлох шаардлагатай. Зах зээлээс хангалттай ашиг олж байгаа, эсэхээ ч зөв дүгнэх учиртай. Олж буй орлого, хуримтлуулах хөрөнгийнхөө хэмжээг нямбай тооцоолж, сангийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах сайн засаглал хэрэгтэй. Нэгэнт хуримтлуулсан хөрөнгөөс хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар өгөөжийг нь өсгөж болно.