- Хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр өөрчилдөг боллоо -
С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж, дарамталсныг нотлох бичлэгийг гишүүд үзээд гарч ирлээ
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар, нэн яаралтай горимоор хэлэлцсэн нь халуун сэдэв болоод байна. Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, улсын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийддэг болох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой, батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчлэх заалттай дээрх төслүүдийг тойрон өрнөсөн үйл явдлыг багцлан хүргэе.
АН: УИХ-ЫН ДАРГА ҮАБЗ-ӨӨС ГАРАХ ХЭРЭГТЭЙ
11.00. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хуультай харшилдаж, хууль эрх зүйн ноцтой үр дагаварт хүргэх гэж байгаа тул дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
Д.Эрдэнэбат (УИХ дахь АН-ын бүлгийн дарга): -АН өчигдөр чуулганы хуралдаанд хуулийн төслийн талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн халдашгүй байдалд шууд халдаж, хуульд өөрчлөлт оруулах гэж буй нь хууль бус үйлдэл учраас дэмжих боломжгүй. Үндсэн хуульд шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг хэрхэн томилох тухай тодорхой заасан. Хууль, шүүхийн байгууллагууд сонгох, сонгогдох институцтэй, тэр нь хараат бус, хөндлөнгийн гуравдагч этгээд оролцохгүй байхаар хуульчлагдсан байдаг. Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж байгаа нь буруу. Үүссэн нөхцөл байдал олон нийтийн дургүйцэл, эгдүүцлийг хүргэж байна. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ардчиллыг хамгаалах уу, коммунизм тогтоох уу, дарангуйлагч төрүүлэх үү гэдгээ ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй.
УИХ-ын даргад хандаж хэлэхэд, УИХ энэ үйл явдалд татагдан орж болохгүй. УИХ, Засгийн газар сүүлийн үед бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийг шүүдэг боллоо. УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй.
УИХ-ын дарга ҮАБЗ-д ороод, парламентын бие даасан шийдвэр гаргах эрхэд халдаж, УИХ-ын бүрэн эрхийн эсрэг шийдвэр гаргаж болохгүй.
УИХ-ЫГ ЯАРАЛТАЙ ТАРАХЫГ ШААРДАН ЖАГСАВ
12.30. АН-ын гишүүд, дэмжигчид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, Төрийн ордны гадна жагслаа. Шаардлагад “УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан УИХ Монголын ардчилалд аюул учрууллаа. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар үгсэн хуйвалдаж, 60 тэрбумын схем боловсруулан, сонгуульд шударга бусаар ялж, 950 саяын зээлээр барьцаалагдсан УИХ-ын гишүүд өөрсдийн өчүүхэн эрх ашиг, ордны хуйвалдаанаар төрийн эргэлт хийж байна. УИХ-ын дарга та тусгайлан захирамж гаргаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа нь үзэл санаа, суурь зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг гажуудуулсан үйлдэл боллоо. Уг хууль батлагдсанаар шүүх эрх мэдлийг бүхэлд нь нэг хүний гарт төвлөрүүлж, хүний эрхийг хамгаалдаг ардчилсан тогтолцоо устах болно. УИХ өөрөө тарах асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэжээ.
Жагсагчид шаардлагыг нь хүлээж авах хүртэл зогсоно, хариуг нь яаралтай өгөхгүй бол маргааш (өнөөдөр) Төрийн ордны орох, гарах хаалгыг хаана гэв.
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛС ШҮҮХГҮЙ БАЙСНААС ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР
13.00. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлж, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр
“Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо. Өнөөгийн ХЗДХ-ийн сайд гадаадаас хүн авчирч, эрүүдэн шүүж, гар хөлийг нь хугалж байсан хүн. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой. Монгол Улс шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр.
Ардчиллын удирдагчийн амийг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага олон жил мөрдөж, алуурчдыг нь оллоо гээд шүүхийн шийдвэр гаргасан. Хууль, шүүхийн байгууллагад ахиц дэвшил байсан юм шүү гэдгийг хэлэх нь зөв байх. Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр, нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэргийн алуурчныг олох, алуурчин нь захиалагчийг хэлж өгөх үе шаттай байдаг. Зоригийн хэрэг бол гурван шаттай юм байна гэж харж байлаа. Харин өнөөдөр Ц.Нямдоржийн гэх дөрөв дэх шат гарч ирж байна. Ц.Нямдоржийн зохиож буй хэрэг. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа болохоор учир нь олдох байх гэж бодож байна.
Ерөнхийлөгчийн УИХ-д оруулсан хууль батлагдах, эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй ч дахиад л оруулж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна. Энд байгаа олон асуудал бол зүгээр л сэдэв. Сонгуулийн өмнөх хавар угаасаа ингэж ширүүсдэг. ХЗДХ-ийн сайдын гаргаж байгаа ааш бол улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх арга шүү. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирсан талаар дээр дурдсан. Хуулиас зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод юу хийх юм бэ. Гадаад, дотоодын хамсаатнуудынхаа хэрэг, 280 сая ам.долларын хэргээ “алга болгож”, хамсаатан “ЖДҮ-чид”-ээ аваад үлдэнэ.
Шударга бусын хонгил хэмээх таван жил үргэлжилж буй “кино”. Өнөөдрийн үйл ажиллагаа бол өмнө нь бэлдсэн “жүжиг” шүү дээ. Монголын төрийн эрх мэдлийг нэгмөсөн авч, ард түмэнд айдас хүйдэс үүсгэх төлөвлөгөө.
Ц.НЯМДОРЖ: ИЙМ АСУУДАЛ ДЭЭР ЦАГ АЛДАХ ОСОЛТОЙ
15.30. Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлосон ч ирц бүрдэхгүй хойшилсоор 15.30 цаг хүргэв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Зоригийн хэрэгт хүмүүсийг яллахдаа эрүүдэн шүүснийг нотлох бичлэгийг УИХ-ын гишүүд үзье гэсэн тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, үзүүлэх шийдвэр гаргасан. Тагнуулын ерөнхий газар бичлэгийг үзүүлэхэд бэлтгэсэн” гэсэн ч гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд, бүх гишүүнд үзүүлэх нь зөв хэмээв. Ингээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын “Хуулийг баталсан өдрөөс нь хүчин төгөлдөрт тооцож, дагаж мөрдвөл Үндсэн хуулийн зөрчил болно. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг тооцож, ирэх сарын 4-нөөс хэрэгжүүлэх нь зөв. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд холбогдох албан тушаалтнуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулах хуулийн зохицуулалтыг бий болгохдоо хэт олон асуудлаар бус, “эрүүдэн шүүх үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд” хэмээн нарийвчлах ёстой” гэсэн утга бүхий зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хуулийн хэрэгжих хугацааг төсөлд анх тусгаснаар нь (батлагдсан өдрөөс эхлэн) явуулъя. Ийм асуудал дээр цаг алдах осолтой”, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэгэнт ийм хууль батлах гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэлбэрээр баталсан нь дээр байх. Ийм яаралтай асуудалд хориг тавих, “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдэх, ҮХЦ-ийн шийдвэр хүлээх боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Санал хураахад “Хуулийг ирэх сарын 4-нөөс хэрэгжүүлье” гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнгүй.
Харин “Эрүүдэн шүүх үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд ҮАБЗ зөвлөмж гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нь дэмжлэг авав.
Хууль зүйн байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд, 15.50 цагт өндөрлөв.
Ө.ЭНХТҮВШИН: ХЭНИЙ ШИДСЭН ЧУЛУУ ОРЖ ИРЭЭД, ТӨСЛИЙГ ИЙМ БОЛГООД ХАЯЧИХАВ АА
16.30. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлсэн гишүүдийн үгийг тоймлоё.
С.Эрдэнэ (УИХ-ын гишүүн): -Зарчмын зөрүүтэй саналд “эрүүдэн шүүх үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд” гэсэн байна. Хангалттай үндэслэл тогтоогдоогүй бол зөвлөмж гарахгүй гэж ойлгож болох уу. Эрүүдэн шүүх нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Хангалттай үндэслэл гэдэг нь эрх бүхий хуулийн байгууллага шалгаж, эрүүдэн шүүснийг нь тогтоосны дараа энэ зөвлөмж гарах нь гэж ойлгож болох уу?
Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн): -Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдсэн. Ингэснээрээ өөрийн нутаг дэвсгэр дээр эрүүдэн шүүх үйлдэл гарсан гэж үзэх хангалттай үндэслэл байвал мөрдөн шалгах ажлыг эрх бүхий байгууллагаар шударга, шуурхай явуулах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, ийм үндэслэл байна гэж үзвэл ҮАБЗ хуралдаж зөвлөмж гаргаад, түүнийгээ Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл олонхоороо асуудлыг шийдээд, холбогдох хүмүүсийн албан тушаалыг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид ханддаг байх агуулгатай юм.
Ж.Батзандан (УИХ-ын гишүүн): -Эрүүдэн шүүх гэдэг нь зөвхөн эрүүгийн хэрэгт холбоотой ойлголт. Иргэний болон захиргааны хэргийг шүүхдээ өөртөө ашигтайгаар бужигнуулдаг Батсуурь мэтийн шүүгчдийг яах юм бэ. УИХ дахь олонход шүүхийг шинэчлэх зорилго ер нь байна уу. Байнгын хорооны оруулж ирж байгаа өөрчлөлтөөр энэ хууль зорилго, зорилтоосоо хазайгаад явчихлаа шүү. Зөвхөн Зоригийн хэрэг дээр ажилласан хүмүүсийн тухай асуудал болж хувирлаа. Уг нь хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог эвдэх сайн төсөл байсан юм. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын сандарч буй нь сайн хууль батлагдах гэж байсныг харуулаад байна. Гэтэл буруу тийш нь явууллаа шүү.
Б.Пүрэвдорж (УИХ-ын гишүүн): -Ерөнхийлөгч олонхын тоглоомд орчихлоо. Үндсэн хууль ч өөрчилж чадах хүчтэй олонх яагаад өөрсдөө энэ асуудлаа шийдэхгүй, хүний гараар могой бариулаад байгаа юм бэ. Хуулиа санаачлаад, тэр хүмүүстээ хариуцлагаа тооцохгүй яасан юм бэ гэв.
Ингээд байнгын хороогоор оруулж ирсэн “эрүүдэн шүүх үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Уг саналтай холбогдуулан,
Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн): -Хууль зүйн байнгын хороо юу хийчихээд ороод ирэв ээ. Ийм хууль хэлэлцэж, цаг үрэх хэрэг байгаа юм уу гэтэл бөөрөнхийлчихөөд оруулаад ирсэн байна. Эрүүдэн шүүх үйлдэл гаргасан хангалттай үндэслэл байна гэж хэн, хэзээ тогтоох юм бэ. ҮАБЗ тогтоох юм уу, дэргэдээ шүүх байгуулах юм уу. Үүнийг шүүхээр л тогтооно. Шүүхээр тогтоогоогүй, бид ингэж үзэж байна гэсэн зөвлөмж хүргүүлбэл түүнийг хангалттай үндэслэл гэж үзэхгүй. ҮАБЗ-ийн зөвлөмж энэ заалтаар орж ирэхгүй. Хангалттай үндэслэл байна гэж тогтоохын тулд одоо ажиллаж байгаа шүүх, прокурорт хандаж болно. Хэн өөрийнхөө эсрэг дүгнэлт гаргаж өгөх вэ дээ. Хамгаалсан л юм яваад байна даа. Энд тэнд хэвлэлийн хурал зарлаж, Үндсэн хуулийн бус, төрийн эргэлт гарах нь, дарангуйлал тогтлоо, нухацтай ярья, цаг нь болоогүй, ингэж өөрчилье гэсэн сайхан сайхан зүйл ярьж байгаад энэ хуулийг хэлэлцэхгүй байх зам руу нь оруулах гээд байна. Ийм хамгаалсан зүйл үнэхээр хүчтэй байгаа. Үүнийгээ болимоор юм. Энэ төсөл рүү хаанаас, хэний гар, хөл, шидсэн чулуу орж ирээд, ийм болгоод хаячихав аа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөрөө байх ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мөн дэмжихгүй гэсэн санал хэлсэн бөгөөд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
“ҮНЭХЭЭР АЙМААР БИЧЛЭГ БАЙНА”
18.00. Ц.Нямдорж (ХЗДХ-ийн сайд): -Гишүүдэд үзүүлэх бичлэг бэлэн болсон гэсэн. Ийм эрүүдэн шүүлт болсон гэдэгт хүмүүс итгэхгүй байна. Тиймээс бичлэгийг яг одоо гишүүдэд үзүүл. Олон нийтэд ч үзүүлэх хэрэгтэй гэв.
Л.Оюун-Эрдэнэ (ЗГХЭГ-ын дарга): -Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг Зоригийн хэрэгт холбогдуулан сэжигтэн, гэрч, яллагдагчаар оролцуулахдаа эрүүдэн шүүж, хэрэг хүлээхийг шахан, дарамталсныг нотлох бичлэг байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүсэн 660 хоногийн бичлэг байгаагаас эхний зургаан өдрийнхийг үзүүлэх боломжтой гэж Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Энэхүү бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ц.Амгаланбаатар, ШШГЕГ-ын ажилтан Б, хүн амины хэрэгт ял эдэлж буй И нар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээхийг шаардсан дүрс байгаа. Хүний эрхийн конвенцыг зөрчсөн, хүнд эрүү шүүлт хүчээр тулгаж, хүнлэг бус харилцах, онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, шүүхээр шийтгүүлсэн этгээд, нэг хэргийн сэжигтэн, яллагдагч, эмэгтэйчүүдийг хамт хорихыг хориглосон 4-5 хууль зөрчсөн уг бичлэгийг үзүүлэхэд бэлэн гэснээр гишүүд уг бичлэгийг үзэхээр 18.00 цагийн үед хэвлэлд хаалттай “үзвэрийн” танхимыг зорив.
26 минутын бичлэгийг үзээд гарч ирсэн УИХ-ын гишүүд “Их айхтар зүйл харлаа”, “Шөнө өрөөнд нь орж дарамталсан байна”, “Хэцүүхэн бичлэг байна”, “Айхтар бичлэг байна. Олон нийтэд үзүүлэх боломжтой болсон. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм билээ”, “Хэвлэлийнхэн маань үнэний дуу хоолой болохын хувьд үзэх хэрэгтэй. Харин олон нийтэд үзүүлэх шаардлагагүй байх, үнэхээр аймаар бичлэг байна”
хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖӨӨР ӨӨРЧИЛДӨГ БОЛЛОО
20.00. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Ж.Батзандан (УИХ-ын гишүүн):
-Хууль, хяналтын байгууллага яргын машин болсон гэдэг. Үнэн байна. Жирийн нэг залууд хүн амины хэрэг хүлээлгэхийн тулд баас, шээстэй ус толгой дээр нь асгахыг харлаа, зургаан хоног тасралтгүй зодож, гар дээр суниалгаж, галуун цуваагаар алхуулахыг үзлээ. Эмэгтэй хүний өрөөнд дөрвөн удаагийн хүн амины хэрэгтэй, онц аюултай гэмт хэрэгтнийг шөнө дөлөөр нүцгэн оруулж, дарамтлуулахыг харлаа. Уг эмэгтэйд хэрэг хүлээлгэхийн тулд охиныг нь цааш нь харуулсан байж ч магадгүй байна.
Удирдлага нь үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөөж, хууль, хяналтын байгууллагыг яргын машин болгожээ. Энэ бузар булай явдлыг ил болгох ёстой. Хууль хяналтын байгууллагад үүссэн энэ завхралыг арилгах гурван хуулийг бид батлах гэж байна.
Л.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн):
-Аймшигтай, эмгэнэлтэй юм үзлээ. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдардаг гэдэг үнэн юм байна. Ийм явдал болсонд энэ хүмүүсээс, ар гэрийнхнээс нь УИХ-ын гишүүдийн өмнөөс уучлал гуйя.
Бид ярилцаж, ярилцаж энэ хуулийг дэмжихээр шийдсэн. Эрүү шүүлт явуулсан хууль, хяналтын байгууллагын удирдлагад хариуцлага тооцох ёстой. Гэхдээ үүгээр далимдуулаад, “Чоно борооноор” гэдэг шиг Монгол Улсыг тэр чигээр нь хуулийн засаглалгүй болгох үүдийг одоо батлах гэж буй хуулиар нээчих вий гэх болгоомжлол төрж байна. Бид үүнээс болгоомжилж, үе үеийн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан туршлагатай гишүүдтэйгээ ярилцаж байгаад, “Эрүүдэн шүүх үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд” гэж илүү нарийвчилсан, тодорхой заалт оруулсан. Харамсалтай нь энэ заалт унаж, Ерөнхийлөгчийн оруулж ирснээр явах нь. Энэ нь Монгол Улс цаашид хуулийн засаглалтай байх уу, үгүй юү гэдэг том сонголтын өмнө аваачиж байна. Төрийг, хуулийг нэг хүн гацаадаг дарангуйллын тогтолцоо руу орчих вий. Бие даасан, хараат бус шүүхээ хэн нэг дарангуйлагчийн мэдэлд аваачсанаар гашуун түүх бүтээсэн улсууд олон бий. Ийм эрсдэл үүсэх вий гэдгээс би болгоомжилж байна. Бид түүхийн өмнө хариуцлага хүлээнэ шүү.
Санал хураахад Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг 85, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах төслийг 90, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 92.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ийнхүү бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Улсын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийддэг болж буй бөгөөд хуулиуд батлагдсан мөчөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан гурван хуулийг баталснаар ээлжит бус чуулган тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүлсэн хэмээн дүгнэж, чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлууллаа.