С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН гэх 26 минутын бичлэгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэхээр эвгүй бичлэг байлаа. Энэ бичлэгийг олон нийтэд гаргах ёстой. Монгол Улс хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй. Ер нь энэ асуудалд УИХ анхаарах цаг нь болсон. Энэ бичлэгт байж болохгүй байж боломгүй зүйлүүд байгааг гишүүд харлаа. Нэг талаараа ард түмэнд үзүүлэх нь буруу байх. Учир нь үүнээс болоод Монгол Улсын түвшин олон улсад буруугаар ойлгогдвол маш ноцтой зүйл болно.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай, үгээр хэлэхийн аргагүй бичлэг байна. Нууцын зэрэглэлээс гаргаж, иргэдэд ил болгох хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүнд үзүүлэх хэрэггүй юм байна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хууль хяналтын байгууллагууд нэлээд болгоомжтой хандаж байгаа юм билээ. Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй хэсгийг ил болгох шийдвэр гаргасан. Үүнийг үзээд Монголд ийм зүйл байдаг юм уу гэж гайхмаар, сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байна.
Сэжигтэн Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлж ял авсан ялтан болон Амгаланбаатар нарыг хамтад нь оруулж, Содномдаржааг шөнөжин унтуулахгүй дэглэж хоносон бичлэг байна лээ. Т.Чимгээгийн хувьд мөн адил гол хэрэгтэн гэгдэх Амгаланбаатар шөнө өрөөнд нь орж, дарамталж, хэргээ хүлээ гэж шахаж, шаардаж байгаа бичлэг байсан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээд айхтар зүйл харлаа. Бид хүнлэг, ардчилсан нийгэм байгуулж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгаа. Гэтэл хуулийг чандлан сахиж, биелүүлж байх ёстой хуулийнхан ийм асуудалд холбогдсон байгаад санаа зовж байна. Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хар толбо болох зүйл болжээ. Ерөнхийдөө хоёр жилийн бичлэг байна. Бидэнд эхний зургаан өдрийн бичлэгээс түүвэрлэн үзүүллээ. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн уландаа гишгэж, хүнийг яаж эрүүдэн шүүж, дарамталж, хүчээр хэрэг хүлээлгэж байгааг харлаа.