Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би 10 гаруй хоногийн өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсныг та бүхэн мэдэж байгаа. Тус нэвтрүүлэгт орсны дараа надтай зургаан хүн ирж уулзсан. Эдгээр хүмүүс нь бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилд янз бүрийн байдлаар хэлмэгдсэн хүмүүс байсан. Энэ хүмүүс өөрсдөдөө учирсан зовлонгоо ярингаа "яаж хамтарч тэмцэх вэ" гэсэн санал бодлоо солилцсон. Иймд миний бие нэгэнт энэ хонгилд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд, мөн УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ хонгилыг нураахад, мөн дахиад хонгил бий болгохгүйн тулд энэ хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулж байгаагаа зарлаж байна. Манай байгууллагаас хонгилд хэлмэгдсэн хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.
Энэ ТББ-ын зорилго нь эхний ээлжинд гурван хэсэгт зангидагдаж байна.
Нэгдүгээрт, хонгилд хохирогч болсон бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулах, хохирлоо олж авахад нь хамтран ажиллана.
Хоёрдугаарт, шүүх, цагдаа, АТГ, тагнуул, прокурорт шургалсан хонгилын гишүүд, мөн тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, хуулийн арга хэмжээг оногдуулах тал дээр төр засгийг шахаж ажиллана.
Гуравдугаарт, хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад өөрсдийн дуу хоолойг оруулж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана гэж бодож байна.
Бид энэ хонгил гэх аймшигтай зүйлийг туулж байсан учраас жишээтэй, баримттай, нотолгоотой баримтуудыг холбогдох хүмүүст нь танилцуулж энэ чиглэлээр төр засагтайгаа хамтарч ажиллах гурван зорилгын хүрээнд ажиллана. Бидэнтэй холбогдохыг хүсвэл "shudargabus.khongil@gmail.com" мэйлээр холбогдохыг хүсье" гэлээ.
Мөн тэрбээр цааш ярихдаа "Энэ шударга бусын хонгил нь хуулийн байгууллагуудыг хамарсан мафи юм. Энэ мафийн сүлжээ нь хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг алдагдуулсан зүйл бөгөөд өөрсдийгөө хамгаалхын тулд хамгийн сүүлийн боломжоо ашиглаж байна. Өчигдөр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж байгаад харамсаж байна. Тиймээс хууль хүчний байгууллагуудын мафийн бүтцийг нэг хоногийн өмнө ч болтугай задлах хэрэгтэй" гэлээ.