Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байгааг тэрбээр дурдав. Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо бий хэдий ч хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнууд “хараат бус байдал” гэсэн хуулийн хамгаалалт дор хариуцлагаас нуугдаж байна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Энэ байдал цаашдаа Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулахаар төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн төсөлд Засгийн газрын хуралдаанаас гаргасан саналыг тусгасан байна.
Танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос хариулт тайлбар авав. Түүнчлэн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Н.Оюундарь, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж санал хэлсэн. “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана … Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг, цаашлаад Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн төсөл хэмээн үзэж буйгаа зарим гишүүн илэрхийлсэн. Харин өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн боломжийнхоо хязгаарт тулсан тул төсөлд тусгасан хэлбэрээр зохицуулахаас өөр гарцгүй тул төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа гишүүд илэрхийж, санал хэлэв.
Хуралдааны төгсгөлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.