Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 21-нд С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн талаар мэдээлэл хийх үеэрээ тус хэргийг шийдвэрлэх явцад иргэдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэмээн мэдээлсэн билээ. Үүний дараагаар буюу энэ сарын 24-нд МАН-ын бүлэг хуралдаж "Хэрэв эрүүдэн шүүсэн асуудал байвал бичлэгийг ил болгох нь зүйтэй" гэдэг дээр санал нэгдсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ХЗДХ сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Арчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль бусаар ялласан байж магадгүй гэсэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагууд, олон улсын парламентын байгууллагууд УИХ болон Засгийн газартай холбогдож эхэлсэн. Дэлхий нийтийн анхааралд орох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна гэж ойлгож болно.
Бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдсан. Их урт бичлэг байгаа. Зарим нь мөрдөн байцаалтад орсон хэсэг байгаа. Өнөөдөр Засгийн газар бичлэгийг нууцаас гаргасан.
Одоо Монгол Улсын төр засаг эрүүдэн шүүж байна уу гэдгийг нотлох ёстой цаг хугацаа ирлээ. Цаашдаа бид ямар нийгэмд амьдарч байна гэдгээ бодох ёстой. ХЗДХ сайд Ц.Нямдорж Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнд өргөдөл өгсөн. Үүний Үндэсний аюулгүй байдал хуралдаж хэлэлцээд, Ерөнхийлөгч энэ талаар яаралтай хуулийн төсөл санаачлах шийдвэрт хүрсэн" гэлээ.