Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нарын албан ёсны хэлэлцээ өндөрлөв.
Хэлэлцээний үеэр, БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийг эрчимжүүлэхээр тохиров.
Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих боломжийг судлан шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан соёл, урлаг, спортын тэмцээн зохион байгуулахаар боллоо.
Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон дээрх асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэх юм.